SpaceX xAI-г худалдан авснаа зарлав
SpaceX компани xAI компанийг худалдан авснаа Даваа гарагт мэдэгдлээ. Ингэснээр тэрбумтан Илон Маскийн байгуулсан хамгийн өндөр амбицтай хоёр төсөл нэг дор төвлөрч, зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийн хамгийн том хувийн компанийн хэмжээнд хүрэх шинэ бүтэц бүрэлдэж байна.
“Энэ нь зөвхөн дараагийн хуудас биш, SpaceX болон xAI компаниудын эрхэм зорилгын дараагийн бүтэн номын эхлэл болж байна” гэж Маск мэдэгджээ.
Нэг нь сансар, нөгөө нь хиймэл оюун
SpaceX нь сансрын технологийн компани бол xAI нь хиймэл оюуны технологийн компани. Нэгдлийн цаадах логик нь хиймэл оюуны хөгжлийн өнөөгийн хурдтай өсөлт, түүнийг дагасан дата төвийн эрчим хүч, хөргөлтийн асар их хэрэгцээтэй шууд холбоотой гэж тайлбарлажээ.
Үнэлгээ нь нийлбэрээсээ ч том болох хүлээлттэй
Хувийн компаниудын үнэлгээг хянадаг PitchBook компанийн мэдээллээр SpaceX-ийн үнэлгээ 2025 оны арванхоёрдугаар сард хийсэн хувьцааны хоёрдогч борлуулалтаар $800 тэрбумд хүрсэн бол xAI нь нэгдүгээр сард болсон сүүлийн шатны санхүүжилтээр $230 тэрбумын үнэлгээнд хүрсэн байна. Энэ хоёр тоо нийлснээр шинэ бүтэц нь зөвхөн хэмжээний хувьд биш, ирээдүйн хөрөнгө татах боломжийн хувьд ч илүү “том тоглогч” болох зураг гарч байна.
Маск дата төвийг сансарт гаргах санаагаа ил тод хэлэв
Маск хиймэл оюуны өнөөгийн дэвшил дата төвийн нөөцөөс хэт хамааралтай байгааг онцолж, гарц нь байршлын өөрчлөлт гэж тайлбарласан байна.
“Хиймэл оюуны салбарын одоогийн дэвшил нь асар их хэмжээний цахилгаан эрчим хүч, хөргөлт шаарддаг дата төвүүдээс хамааралтай байдаг. Тиймээс энэхүү их нөөц шаарддаг зүйлсийг асар их эрчим хүч, орон зайтай байрлалд шилжүүлэх нь цорын ганц логик шийдэл юм” гэж Маск тайлбарласан байна.
Өөрөөр хэлбэл xAI компанийн дата төвүүдийг SpaceX-ийн дэмжлэгээр сансрын уудамд байрлуулах нь шинэ нэгжийн гол чиглэл гэж үзэж байгаа аж.
Нэг сая хиймэл дагуулын зөвшөөрөл хүссэн нь давхцав
Нэгдлийн мэдэгдлээс өмнөхөн SpaceX компани Баасан гарагт АНУ-ын Холбооны Харилцаа Холбооны Зөвлөлөөс дэлхийн тойрог замд нэг сая хиймэл дагуулын цогцолбор байгуулах зөвшөөрөл хүссэн байна. Энэ хүсэлтийн зорилгыг “хиймэл оюунаас үүдэлтэй өгөгдлийн эрэлт хэрэгцээний огцом өсөлтийг хангах” гэж тодорхойлжээ.
Маск мөн “хиймэл оюун ухааны тооцооллыг бий болгох хамгийн хямд арга бол сансар огторгуй юм” гэж мэдэгдсэн байна.
Сансарт хөргөлт, эрчим хүчний “өртөг” өөр дүрэмтэй
Сансрын орчинд дата төвийн хөргөлтөд шаардагдах эрчим хүчний асуудал өөрөөр тавигдана гэж нийтлэлд тайлбарлажээ. Мөн тооцоололд хэрэгтэй эрчим хүчийг нарнаас илүү үр ашигтайгаар үйлдвэрлэх боломжтой гэсэн үндэслэлийг дурдсан байна.
Эрчим хүчний хэрэгцээ өсөх тооцоонууд технологийн аваргуудыг шахаж байна
Хиймэл оюун илүү хүчирхэг болохын хэрээр эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэх төлөвтэй тухай салбарын дүгнэлтүүдийг эшилжээ. Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан өнгөрсөн онд CNBC-д ярихдаа дараагийн үеийн хиймэл оюуны загварууд одоогийнхоос 100 дахин их эрчим хүч шаардана гэж хэлж байв. Голдмэн Сакс банкны судлаачдын тооцоолсноор хиймэл оюуны хөгжил 2030 он гэхэд дата төвүүдийн эрчим хүчний эрэлтийг 165 хувиар өсгөнө гэсэн байна.
Энэ өсөлтийг дагаад томоохон компаниуд дэд бүтцэд асар их хөрөнгө төвлөрүүлж буй жишээгээр Майкрософт дата төвүүдэд өнгөрсөн оны сүүлийн улиралд $37.5 тэрбум, Мета $22.14 тэрбумыг зарцуулсан гэжээ.
Хоёр компани албан ёсоор нэгдэхээс өмнө “дотоодоо” ойртсон гэх мэдээлэл бий
SpaceX ба xAI одоо л нэгтгэж байгаа боловч зарим үйл ажиллагаагаа өмнө нь ч давхардуулан явуулж байсан гэх мэдээлэл гарсан байна. Тухайлбал, зарим мэргэжилтэн хоёр компанид зэрэг ажиллаж эхэлснээ өмнө нь илэрхийлж байсан тухай дурджээ. Гэвч хувийн хэвшлийн компаниудын онцлогоос шалтгаалан хөрөнгө татах суваг нь хязгаарлагдмал хэвээр байсан гэж тайлбарласан байна.
IPO-ын яриа, шинэ үнэлгээний хүлээлт
Арванхоёрдугаар сард Маск 2002 онд байгуулагдсан SpaceX-ийг олон нийтийн компани болгох төлөвлөгөөтэйгээ мэдэгдэж байсан. Тухайн үед шинжээчид SpaceX-ийн IPO үнэлгээг $1.5 их наядад хүрч болзошгүй гэж тооцоолж байв. Гэхдээ энэ нь xAI-тай нэгтгэгдэхээс өмнөх тооцоо бөгөөд нэгдлийн дараа IPO хийвэл зах зээлийн үнэлгээ илүү өсөх логиктой гэж нийтлэлд өгүүлжээ.
Маскийн хөрөнгө, нэгдлийн дараах нөлөө
Одоогоор Илон Маскийн хөрөнгийн хэмжээг Блүүмбэргийн тооцооллоор $676 тэрбум гэж дурдсан бөгөөд энэ нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт гэжээ. SpaceX болон xAI-ийн нэгдлийг цааш олон нийтэд нээлттэй бүтэц болговол уг хэмжээ цааш нэмэгдэх боломжтой тухай мөн онцолсон байна.