Telegram мессенжер хиймэл оюун ухааны шинэ эринд хөл тавих гэж байна. Telegram-ийн үүсгэн байгуулагч Павел Дуров өөрийн сувгаар дамжуулан мэдэгдэл хийхдээ xAI компанитай нэг жилийн хугацаатай түншлэл байгуулахаар тохиролцсон бөгөөд энэ хүрээнд Илон Маскийн Grok чатботыг Telegram-д гүнзгий нэгтгэхээр болсныг онцоллоо.
“Энэ зун Telegram хэрэглэгчид зах зээл дээрх хамгийн шилдэг хиймэл оюуны технологийг ашиглах боломжтой болно. Бид Илон Масктай нэг жилийн хамтын ажиллагаанд хүрсэн. Үүний үр дүнд xAI-ийн Grok чатботыг Telegram-ийн бүх апп-д нэгтгэж, хэрэглэгчдийн хүртээл болгоно. Мөн Telegram 300 сая ам.долларын хөрөнгө (бэлэн мөнгө болон хөрөнгө оруулалт) хүлээн авахаас гадна, Telegram-ээр дамжуулан зарагдсан xAI-ийн гишүүнчлэлийн орлогын 50 хувийг авах болно” хэмээн Павел Дуров мэдээлэв.
Маскийн тайлбар
2025 оны 5-р сарын 29-нд Илон Маск X платформ дээр Павел Дуровын нийтлэлд хариулахдаа уг хэлэлцээр албан ёсоор эцэслэгдээгүй гэж мэдэгдсэн. Харин Дуров үүнийг зарчмын тохиролцоонд хүрсэн бөгөөд одоогоор бичиг баримтын нарийн хэлэлцүүлэг үргэлжилж байгааг тайлбарласан.
Тэрбээр мөн Telegram хэрэглэгчдийн хувийн нууцын талаарх асуудалд хариу өгч, Grok бот зөвхөн хэрэглэгч өөрийн хүсэлтээр өгсөн мэдээлэлд хандах болно гэдгийг тодотгосон.
Telegram дахь Grok-ийн гол үйлдлүүд:
- Урт хэмжээний мессеж, текст файл хураангуйлан дүгнэх
- Мессежийн хэлбэрийг өөрчилж, дэлгэрэнгүй болгох
- Telegram хайлтаас шууд хариулт өгөх
- Сувгуудын мэдээлэлд факт-чек хийх
- Групп чат зохицуулах
- Наалт болон аватар бүтээх
Болзошгүй эрсдэл
Grok чатбот ерөнхийдөө мэдээлэл боловсруулах, шалгах чиглэлд сайн гүйцэтгэлтэй гэж үзэгдэж байгаа ч зарим үед гажууд хариулт өгөх тохиолдлууд бүртгэгдсэн. xAI үүнийг гадны нөлөөлөлтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа бөгөөд бүх хиймэл оюуны систем тодорхой хэмжээгээр “галлюцинац”-д өртөх магадлалтай байдгийг анхааруулжээ.
