Apple-ийн сүүлийн үеийн шинэчлэлт iOS 26 нь AirPods 4 болон AirPods Pro 2 хэрэглэгчдэд хүлээлтээс давсан шинэ боломжийг танилцууллаа. Camera Remote нэртэй энэхүү функц нь чихэвчийг ухаалаг удирдлага болгон хувиргаж, зураг авах болон видео бичих үйлдлийг утсандаа хүрэхгүйгээр удирдах нөхцөл бүрдүүлсэн гэж Mac Rumors мэдээлжээ. Энэ бол өмнө нь зөвхөн Apple Watch дээр ашиглагддаг байсан Camera Remote аппликейшний боломжийг AirPods-д нэвтрүүлсэн томоохон шинэчлэлт юм. Ингэснээр бүлгийн зураг авах, холоос бичлэг хийх зэрэг үед илүү тохиромжтой болж байна.
Функцыг ашиглахын тулд iPhone эсвэл iPad дээр iOS 26 эсвэл iPadOS 26 Beta хувилбарыг суулгасан байх ёстой. AirPods-оо төхөөрөмжидөө холбосны дараа тохиргоо цэснээс AirPods хэсгийг сонгон, бета шинэчлэлтийг идэвхжүүлснээр Camera Remote тохиргоо автоматаар гарч ирнэ. Шинэчлэлт суусны дараа чихэвч дээрх дохиог нэг дарж эсвэл удаан дарснаар камераа удирдах боломжтой болно.
Энэхүү шинэчлэлт нь гэрэл зураг авах үед гурван секундийн таймер ажиллуулж, дараалан арван зураг дарах боломжтой болгожээ. Видео бичлэгийн үед чихэвчээр бичлэгийг эхлүүлж, зогсоож болох бөгөөд энэ нь утасны дэлгэцэнд хүрэлгүйгээр тогтвортой бичлэг хийх нөхцөл бүрдүүлж байна. AirPods-ийн Bluetooth хүрээнд ажилладаг учир хэрэглэгч алсаас бүтээлч өнцгөөр зураг авах боломжтой болж байгаа юм.
Camera Remote-оос гадна iOS 26 нь AirPods-д зориулсан өөр шинэ боломжуудыг ч авчирсан. Тухайлбал унтах үед хөгжим автоматаар түр зогсох, дуудлагын чанар сайжирсан зэрэг нэмэлтүүд орсон байна. iOS 26-ийн албан ёсны хувилбар есдүгээр сарын дундуур нийтэд хүрэхээр төлөвлөгдөж байгаа ажээ.