WWDC 2026 дээр танилцуулах iOS 27: тогтвортой байдал ба хиймэл оюун ухааны хослол
iOS 27-ийн анхны бета хувилбар 2026 оны зургадугаар сард WWDC дээр гарч, үүнээс хойш есдүгээр сард нийцтэй бүх iPhone-д зориулсан эцсийн хувилбар түгж эхлэх төлөвтэй байна. Дотоод эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ шинэчлэлт нь macOS Snow Leopard шиг тогтвортой байдал, гүйцэтгэлийг сайжруулахад гол анхаарлаа хандуулахын зэрэгцээ Apple Intelligence дээр тулгуурласан шинэ боломжуудтай хослох аж.
Bloomberg-ийн сэтгүүлч Марк Гурманы хэлснээр Apple компани хиймэл оюун ухааны уралдаанд оролцсоор байх ч системийн чанар, үндсэн чадавхийг сайжруулахыг тэргүүн зорилт болгоод байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийг туршилтын талбар болгохоос илүү тогтвортой, найдвартай iOS гаргахыг зорьж байгаа ч AI-гүй шинэчлэлт байхгүй гэсэн үг биш.
Siri бүрэн шинэчлэгдэж, хэрэглэгчийг урьдчилж “уншдаг” туслах болж өөрчлөгдөнө
Apple Intelligence-ийн гол тулгуур болж буй Siri энэ удаагийн шинэчлэлтэд хамгийн том өөрчлөлт авах хэсэгт тооцогдож байна. Шинэ хувилбарт Siri илүү хувь хүнд чиглэсэн болж, өмнөх яриаг санах, таньтай холбоотой өгөгдлийг ашиглан урьдчилсан зөвлөгөө өгөх чадвартай болохоор төлөвлөгдөж буй.
Мөн интерфейс нь өөрчлөгдөж, удирдлага, визуал элементүүд илүү ойлгомжтой, орчин үеийн болж шинэчлэгдэх хүлээлттэй байна. Ингэснээр Siri зөвхөн асуултад хариулах бус, таны өдөр тутмын зан үйл, зуршилд тулгуурлан урьдчилсан санал болгодог идэвхтэй туслах болж хувирч магадгүй.
Apple Intelligence-ийн хүрээнд ухаалгаар ажилладаг хуанли, ажил төлөвлөлт, өдөр тутмын горимыг дэмжих систем зэрэг функцүүд нэмэгдэж болзошгүй гэж эх сурвалжууд онцолж байна.
Apple Health+ болон AI дасгалжуулагч: эрүүл мэндийг “ухаалгаар” удирдах оролдлого
iOS 27-тэй зэрэгцэн эрүүл мэндийн экосистемд Apple Health+ нэртэй шинэ түвшний үйлчилгээ нэмэгдэж магадгүй гэсэн мэдээлэл байна. Энэ нь зөвхөн хэмжүүр харуулах төдий биш, хоол тэжээл, дасгал, унтлагын дэгийг нэгтгэн дүгнэж, виртуал “эрүүл мэндийн дасгалжуулагч” байдлаар зөвлөгөө өгөх боломжтой болно гэж таамаглаж байна.
Health+ нь таны эрүүл мэндийн өгөгдлийг анализ хийж, өдөр тутмын зуршлыг таньтай “яридаг” системтэй холбож, жишээ нь:
- хооллолт тань хэт тэнцвэргүй болсныг анхааруулах
- унтлагын хуваарь тогтмол бус байвал засах санал өгөх
- хөдөлгөөн багассан үед дасгал, хөдөлгөөний төлөвлөгөө санал болгох
гэсэн маягаар ажиллах төлөвтэй. Зарим AI функцүүдийг Apple өөрийн серверээс гадна Google Gemini платформтой хослуулж ажиллуулж магадгүй гэсэн цуурхал ч гараад байна. Энэ нь тодорхой даалгаварт гүнзгий хэл боловсруулах, контент боловсруулах чадварыг ашиглах зорилготой байж болох юм.
5G хиймэл дагуулын холболт ба iPhone 18 Pro загваруудад ногдох онцгой давуу тал
Техникийн түвшинд iOS 27-ийн гол шинэ боломжуудын нэг нь хиймэл дагуулын 5G холболтыг системийн түвшинд дэмжих юм. Урьдчилсан мэдээллээр энэ боломж зөвхөн iPhone 18 Pro болон iPhone 18 Pro Max зэрэг дээд зэрэглэлийн загваруудад нээлттэй байх өндөр магадлалтай.
Apple одоо байгаа яаралтай тусламжийн хиймэл дагуулын шийдлээ өргөжүүлж, дараах боломжуудыг нэмэхийг зорьж байна гэж үзэж байна.
- үүрэн сүлжээ байхгүй үед газрын зураг, навигацийг хиймэл дагуулын сүлжээгээр ашиглах
- “Мессеж” апп-аар зураг болон зарим төрлийн мультимедиа файлыг хиймэл дагуулын сувгаар илгээх
Ингэснээр сүлжээ тааруу, хөдөө орон нутагт явахдаа зөвхөн текст мессеж бус, газрын зураг, байршлын зураг зэрэг илүү бодит мэдээллийг солилцох боломжтой болох юм.
Эдгээр функцуудын ихэнх нь Apple Intelligence-ээр дэмжигдэж, iOS 27-г Snow Leopard шиг тогтвортой, гэхдээ 2026 оны хиймэл оюун ухааны түвшинд нийцсэн “ухаалаг” систем болгох зорилготой гэж дүгнэж болно.
1 сэтгэгдэл
Шинэчлэлт бүр сонирхол татдаг шүү