Apple компани iOS 26, iPadOS 26 системүүд дээр оюун ухаанаар төхөөрөмж удирдах технологийг анх удаа олон нийтэд танилцууллаа. Энэхүү дэвшлийг тэд тархи-компьютерийн интерфэйс (BCI) технологи хөгжүүлэгч Synchron стартаптай хамтран хэрэгжүүлж байна. Хамгийн анхны амьд туршилтад оролцогч Марк Жексон тархины дохиогоор iPad-ийг мэдрэгчгүйгээр удирдаж, програм нээж, мессеж бичиж чадсан нь хэрэглэгчийн туршлага, хүртээмжид цоо шинэ хандлагыг нээж өглөө.
Synchron компанийн мэдээлснээр, Марк нь Apple-ийн шинэ BCI HID протокол ашиглан төхөөрөмжийг бодлоороо бүрэн удирдаж чадсан дэлхийн анхны хүн болжээ. Уг систем тархины дохиог орчуулагч төхөөрөмжөөр дамжуулан боловсруулж, iOS-ийн Switch Control систем рүү дамжуулан хэрэглэгчийн тушаал болгон хөрвүүлдэг байна.
Энэ бүхний ард Stentrode гэх төхөөрөмж суулгагдсан бөгөөд энэ нь тархины моторын бор гадаргын ойролцоох цусны судсанд, хүзүүний судсаар дамжуулан маш бага инвазив аргаар суулгагддаг. Утасгүй дамжуулагч нь энэхүү дохиог хүлээн авч, iPad-д илгээснээр хэрэглэгч мэдрэгчтэй дэлгэцэнд огт хүрэхгүйгээр төхөөрөмжтэй харьцах боломжтой болдог.
Apple энэ технологийг огт зарлан тунхаглаагүй байгаа ч Саудын Араб, Австрали дахь 10 гаруй хүн уг системийг туршиж байгаа бөгөөд тэд бүгд АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас (FDA) баталгаажсан туршилтад хамрагдаж байна.
Энэ бол зөвхөн Apple-ийн хувьсгал биш. Элон Маскийн Neuralink болон Valve компанийн тэргүүн Гэйб Ньюэлл зэрэг өрсөлдөгчид BCI технологийг өөр өөр өнцгөөс судалж, илүү хүчирхэг, олон функцийг нэгтгэхийг зорьж буй. Neuralink илүү олон (4096) электрод суулгаж буй ч нээлттэй тархины мэс засал шаарддаг тул аюулгүй байдлын эрсдэлтэй. Харин Synchron-ийн технологи нь аюул багатай, хэрэглээнд хурдан нэвтрэх боломжтой гэдгээрээ давуу талтай юм.
iOS 26 болон iPadOS 26 систем дээрх энэхүү шинэ BCI технологи нь ирээдүйд саадтай иргэдийн амьдралыг эрс өөрчлөх, түүнчлэн ухаалаг төхөөрөмжтэй харьцах шинэ эринийг эхлүүлэх хүлээлт дагуулж байна. Хэдийгээр Apple энэ шинэчлэлийг олон нийтэд албан ёсоор нэвтрүүлээгүй байгаа ч, тэдний дараагийн алхам нэлээн дуулиантай байх нь гарцаагүй.