Японы алдарт Kioxia компани хиймэл оюун ухаанд зориулсан шинэ үеийн AI SSD төхөөрөмжийг танилцууллаа. Энэхүү XL-Flash хэмээх шинэ төрлийн хэт хурдан SSD нь секундэд 10 сая IOPS гүйцэтгэх чадвартай байх бөгөөд энэ нь өнөөдөр зах зээлд буй хамгийн хурдан SSD-үүдийн үзүүлэлтээс гурван дахин илүү үзүүлэлт юм.
Kioxia уг бүтээлийн талаар өнгөрсөн долоо хоногт болсон стратегийн уулзалтын үеэр зарласан бөгөөд энэ SSD нь хиймэл оюун ухааны системүүд дэх өгөгдөл дамжуулалтын сул тал болох CPU дамжуулалттай холбоотой саатлыг арилгахад чиглэж байна. Тэд шинээр боловсруулж буй IOPS-д зориулагдсан хяналтын чип ашиглан өгөгдлийг GPU-д төвөггүй, шууд дамжуулах нөхцөл бүрдүүлнэ гэж мэдэгдсэн.
Шинэ SSD нь SLC төрлийн XL-Flash технологид суурилсан бөгөөд энэ нь зөвхөн нэг бит хадгалдаг учраас:
3–5 микросекунд уншилтын хожуу (latency) үзүүлдэг
Стандарт 3D NAND SSD-ийн хувьд энэ нь 40–100 микросекунд байдаг
SLC бүтэц нь илүү тэсвэртэй, хурдан хандалттай, хиймэл оюун ухааны хувьд зайлшгүй шаардлагатай онцлог юм
Kioxia-гийн шинэ AI SSD нь 512 байтын блок дээр хамгийн өндөр гүйцэтгэлтэй ажиллах ба энэ нь томоохон хэлний загварууд (LLM) болон өгөгдлийн сангийн хөнгөн хайлт шаардсан RAG системд онцгой тохирно гэж үзэж байна. Одоогийн өндөр гүйцэтгэлтэй SSD-үүд ихэвчлэн 2–3 сая IOPS хүрдэг бол энэхүү шинэ төхөөрөмж 10 сая IOPS үзүүлэлтэд хүрэхээр төлөвлөгдөж байгаа нь том дэвшил юм.
Мөн Kioxia энэхүү SSD-г CPU-г алгасан GPU ба хадгалах төхөөрөмж хооронд шууд холболт хийдэг байдлаар оновчтой болгоно. Энэ нь өгөгдлийг илүү шууд хандалтаар GPU-д өгөх боломжийг бүрдүүлж, хариу үйлдлийн хугацааг багасгаж, AI системийн үр ашгийг эрс нэмэгдүүлэх юм.
Шинэ үеийн AI SSD төхөөрөмжийг 2026 оны хоёрдугаар хагаст зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь хиймэл оюун ухааны дата төвүүдэд шинэ хурдны стандарт тогтоох магадлалтай гэж шинжээчид үзэж байна.