Таны зөөврийн эсвэл ширээний компьютерын сэнс системийг хэт халалтаас хамгаалдаг ч заримдаа хэт чанга дуугарч, төвлөрөхөд саад болдог уу? Хэрэв компьютер тань байнга “нисэх гэж байгаа онгоц” шиг архирч байвал үүний цаана техникийн шалтгаан нуугдаж байдаг. Доорх аргуудыг туршаад үзээрэй.
1. Хэт их нөөц хэрэглэж буй программыг шалга
Эхний алхам бол ямар процессууд хамгийн их нөөц ашиглаж байгааг тодруулах юм.
- Windows дээр: Ctrl + Shift + Esc дарж Task Manager нээнэ.
- MacOS дээр: Ctrl + Spacebar → “Activity Monitor” бичиж хайна.
Хэрэв компьютер тань идэвхгүй байхад CPU-ийн хэрэглээ 20%-иас хэтэрч байвал, ард нь нуугдсан ямар нэгэн процесс эсвэл вирус ажиллаж байж магадгүй.
2. Температурыг хяна
Хэрэв сэнс зөвхөн тоглоом тоглох, видео үзэх зэрэг “хүнд” ачааллын үед ажиллаж байгаа бол энэ нь хэвийн. Харин байнга дуугараад байвал хэт халалт үүсэж байгаагийн дохио юм.
Температурыг шалгахын тулд:
- Windows: Core Temp
- Mac: Fanny зэрэг программ суулгаарай.
Эдгээр нь үнэ төлбөргүй бөгөөд таны төхөөрөмжийн хэт халалт, сэнсний ажиллагааг хялбар хянах боломж олгоно.
3. Агаарын урсгалыг сайжруул
Компьютерт “амьсгалах” орон зай хэрэгтэй.
- Зөөврийн компьютерыг хөнжил, дэр зэрэг зөөлөн гадаргуу дээр тавихгүй байх
- Хатуу, тэгш тавцан ашиглах
- Ширээний компьютерын хажуу болон ар талд агаарын урсгал хаагдаагүй эсэхийг шалгах.
4. BIOS-оор сэнсний хурдыг тохируулах
Зарим компьютерын сэнс анхдагчаар дээд хурдтай ажилладаг. Үүнийг BIOS-оор тохируулах боломжтой. Системийг асаах үед Del эсвэл F2 товчийг дарж орно. Тэнд “Hardware Monitor” хэсгээс сэнсний хурдыг бууруулах эсвэл температурын муруйг өөрчлөх боломжтой.
Хэрэв BIOS таны эх хавтанд тохирохгүй бол SpeedFan эсвэл MSI Afterburner ашиглан программын түвшинд хяналт тавьж болно.
5. Тоосыг тогтмол цэвэрлэ
Тоос нь сэнсний хамгийн том дайсан. Тэр нь агаарын урсгалыг хааж, температурыг нэмэгдүүлдэг.
- Хайрцгийг онгойлгож, агаар үлээгч эсвэл тусгай тоос сорогч ашиглан цэвэрлэ.
- Сэнсний ирэнд ямар нэгэн зүйл хүрч байгаа эсэхийг шалга.
- Ширээний компьютерын хувьд тоосны шүүлтүүр суурилуулах нь сайн шийдэл юм.
6. Элэгдсэн сэнсийг шинэчил
Хэрэв бүх арга тус болоогүй бол сэнс өөрөө элэгдсэн байх магадлалтай. Товших, шаржигнах чимээ гарч байвал солих цаг болсон гэсэн үг.
Шинэ сэнс авахдаа:
- CFM (агаарын урсгал) ба dBA (дуу чимээний түвшин) үзүүлэлтийг шалга.
- Илүү том хэмжээтэй сэнс сонгох нь дуу чимээг багасгахад тусалдаг.
Хэрэв боломжтой бол илүү үр дүнтэй агаарын эсвэл усан хөргөлтийн системд шилжихийг зөвлөж байна.