Сүүлийн жилүүдэд Монголын криптовалютын зах зээл дотооддоо хумигдаж, харин арилжаалагчид гадаад зах зээл рүү жигдэрсэн хандлага эрчимжиж байна. Үүний шалтгаан нь дотоодын зах зээлийн хязгаарлагдмал цар хүрээ, зохицуулалтын сул орчин, хөрвөх чадвар муу байдал гэж шинжээчид үзэж байна.
Тоон үзүүлэлтүүд буурсаар…
- 2025 оны эхэн үеийн зах зээлийн үнэлгээ: 225 тэрбум төгрөг
- 24 цагийн дундаж арилжаа: 437 сая төгрөг → I улиралд 178 сая төгрөг болж буурав
- Идэвхтэй арилжаалагчдын тоо: Сүүлийн хоёр жилд 93%-иар буурч, 11.7 мянга болов
- Дотоодын биржүүдийн тоо: 5
- Арилжаалагдаж буй криптовалютууд: 102
Шинжээчид уг үзүүлэлтүүдийг үнэлэхдээ, зах зээлийн хэмжээ буурсан ч үлдсэн арилжаалагчид харьцангуй том хэмжээний арилжаа хийж буйг онцолж байна. Энэ нь “зах зээл шигшигдэж байна” гэсэн тайлбар дагуулж буй.
Гадаад зах зээлийн давуу тал:
- Өндөр хөрвөх чадвар
- Олон төрлийн криптовалют
- Илүү тодорхой зохицуулалттай орчин
- Технологийн дэмжлэг сайтай
- Санхүүгийн дэд бүтэц, маркет мэйкинг сайн хөгжсөн
Иймээс ч сүүлийн нэг жилийн дотор дотоодод бүртгэлтэй ВХҮҮ (виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч)-ээр дамжин гадаад арилжаа өдөрт дунджаар 4.2–5.4 тэрбум төгрөгт хүрч тогтвортой байна. Энэ нь олон арилжаалагчид үндэсний биржээс гадаад зах зээл рүү чиглэж байгааг илтгэж байна.
Шалтгаанууд:
- Монгол Улс криптовалютыг төлбөрийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрдөггүй
- Монголбанк ямар ч зөвшөөрөл олгодоггүй
- Төрөөс блокчэйн болон крипто зах зээлийг дэмжих бодлого, эрх зүйн зохицуулалт сул
- Харилцагч байгууллагын дэмжлэг, API, хамгаалалт зэрэг технологийн дэд бүтэц хангалтгүй
Үр дагавар
Эх сурвалжуудын мэдээлснээр, Монголын хоёр ч томоохон компани гадаад зах зээлд бүрэн шилжих шийдвэрийг гаргасан бөгөөд энэ хандлага цаашид ч улам нэмэгдэх төлөвтэй байна. Хэрэв Монгол Улс крипто олборлолт, блокчэйн хөгжүүлэлт зэрэгт хууль эрх зүйн цогц орчин бүрдүүлж чадахгүй бол дотоод зах зээл улам бүр уналтад орох эрсдэлтэй гэж шинжээчид анхааруулж байна.