Apple 500 ам.долларын MacBook Neo-г хэнд зориулж гаргав
Apple саяхан MacBook Neo нэртэй, 500 ам.долларын үнэтэй хамгийн хямд Mac зөөврийн компьютерээ танилцууллаа. Энэ загвар нь ихэвчлэн Chromebook эсвэл Windows-ийн хямд ангиллын ноутбук сонгодог хэрэглэгчдийг онилж бүтээгдсэн гэж ойлгогдоно.
Гаднаасаа бол сэтгэл татам харагдана. Хөнгөн цагаан их биетэй, 1.23 кг жинтэй, дөрвөн тод өнгийн хувилбартай. 13 инчийн Liquid Retina дэлгэц, Dolby Atmos дэмждэг хоёр чанга яригч, 1080p веб камер, нэг цэнэгээр 16 цаг хүртэл ажиллах зай хураагууртай гэж мэдээлж байна.
Гэхдээ өнгө, үнийг нь хойш тавиад харвал өртгийг барихын тулд Apple хэрэглэгчдийн MacBook-оос хүлээдэг зарим боломжуудыг танасан нь тод мэдрэгдэнэ. Зарим өөрчлөлт энгийн хэрэглээнд төдийлөн анзаарагдахгүй ч, илүү үнэтэй MacBook Air, MacBook Pro-той зэрэгцүүлбэл ялгаа нь ил гарна.
Зөөврийн компьютерт зориулсан M чип биш, iPhone-ийн A18 Pro ашигласан нь
MacBook Neo-ийн хамгийн содон шийдэл нь процессор. MacBook Air, Pro-д ашигладаг зөөврийн компьютерт чиглэсэн M цувралын оронд iPhone 16 Pro дээрхтэй адил A18 Pro чип суулгасан байна.
A цувралын чипүүд уламжлалаараа iPhone, iPad-ийн зориулалттай. Эрчим хүчний үр ашиг сайн, хурд муугүй ч дулааны нөөц, удаан хугацааны тогтвортой ачаалал дээрх гүйцэтгэлээрээ M цувралаас дутмаг гэж үздэг. Үүн дээр нэмээд MacBook Neo дахь хувилбар нь бүр хялбаршуулсан: утсанд 6 цөмт CPU, 6 цөмт GPU ашиглагддаг бол энэ ноутбукт CPU нь 6 цөм хэвээр атлаа GPU нь 5 цөмтэй байна.
Гэсэн ч вэб үзэх, баримт бичиг боловсруулах, стриминг видео зэрэг суурь хэрэглээнд энэ үзүүлэлт ихэнх хүмүүст хангалттай гэж тайлбарлагдаж байна.
ОЗУ 8 ГБ дээр “түгжигдсэн”, санах ойн зурвас ч багассан
Дараагийн том буулт нь оператив санах ой. MacBook Neo ердөө 8 ГБ ОЗУ-тайгаар ирж, Apple-ийн бусад олон компьютероос ялгаатай нь захиалга хийх үедээ нэмэгдүүлэх сонголтгүй гэж мэдээлжээ.
Харьцуулбал, сүүлийн үеийн Mac загварууд, тэр дундаа шинэчлэгдсэн MacBook Air хүртэл 16 ГБ-ийг суурь болгож эхэлсэн. Apple-ийн “нэгдмэл санах ой” нь CPU ба GPU хоёуланд нь хамт үйлчилдэг тул хэмжээ нь нийт гүйцэтгэлд шууд нөлөөлнө. Олон таб зэрэг нээх, идэвхтэй олон даалгавар зэрэг хийх, том файл дээр ажиллах үед 8 ГБ-ийн хязгаарлалт илүү мэдрэгдэх эрсдэлтэй.
Мөн санах ойн дамжуулах зурвас нь 60 ГБ/с гэж дурдагдсан нь MacBook Air-тай харьцуулахад хоёр дахин бага хэмжээнд тооцогдож байна.
Liquid Retina нэртэй ч дэлгэцээс нь “премиум” боломжууд хасагдсан
Apple дэлгэцийг нь Liquid Retina гэж нэрлэсээр байгаа ч ашигласан самбар нь бусад MacBook дахь хувилбаруудаас өөр гэж мэдээлжээ. 13 инчийн дэлгэц 2408 × 1506 нягтралтай, 1 тэрбум хүртэл өнгө дүрслэх, 500 нит хүртэл гэрэлтэлттэй нь MacBook Air-ийн түвшинд байна.
Гэхдээ хэд хэдэн чухал боломж байхгүй. Нэгдүгээрт, өргөн хүрээний P3 өнгөний орон зайн оронд зөвхөн sRGB дэмждэг гэж дурдсан. Хоёрдугаарт, орчны гэрэлтүүлгээс хамаарч өнгөний дулааныг автоматаар тохируулдаг True Tone технологи байхгүй.
MagSafe алга: цэнэглэл USB-C дээр төвлөрсөн
MacBook Neo-д бусад MacBook-уудын танил болсон MagSafe соронзон цэнэглэл байхгүй. Үүний оронд зүүн талдаа байрлах хоёр USB-C порт ашиглана.
Нэг порт нь USB 3 стандартаар 10 Гбит/с хүртэл хурдтай, харин нөгөө нь USB 2 стандарттай, 480 Мбит/с хүртэл хязгаартай гэж тайлбарлагдсан. USB-C-ээр цэнэглэх нь нийтлэг болсон ч MagSafe нь санамсаргүй татахад амархан салж төхөөрөмжийг унагах эрсдэлийг багасгадаг учраас олон хэрэглэгчийн хувьд давуу тал хэвээр байдаг.
Гар, трэкпад дээр ч “хасалт” хийжээ
Өртөг бууруулалтын өөр нэг тод жишээ нь гар болон трэкпад. MacBook Neo-ийн гар арын гэрэлтүүлэггүй бөгөөд энэ боломж Apple-ийн ноутбукуудад олон жил “стандарт” гэж тооцогдож ирсэн.
Трэкпад нь Force Touch биш, энгийн физик олон мэдрэгчтэй хувилбар гэж мэдээлэгдсэн. Ингэснээр даралтын хүч таних, зарим өргөтгөсөн удирдлагын мэдрэмжүүд хасагдана.
Мөн Touch ID бүх хувилбарт биш: 256 ГБ багтаамжтай суурь загварт байхгүй, 512 ГБ хувилбар дээр л мэдрэгчтэй гэж дурдагджээ.