Хиймэл оюун ухаан техник өрийг бууруулах гарц болж байна
Майкрософт корпораци мэдээллийн технологийн салбар дахь хамгийн том бэрхшээлүүдийн нэг болох техникийн өртэй тэмцэх зорилгоор шинэ үеийн хиймэл оюун ухаанд суурилсан агентуудыг нэвтрүүлж эхэллээ. Venture Beat-ийн мэдээлснээр, энэхүү алхам нь компаниудын дижитал өөрчлөлтийг хурдасгаж, шинэчлэл хийхэд саад болж буй хуучирсан системүүдийг автоматаар сайжруулах зорилготой.
Компаниас мэдээлснээр, GitHub Copilot одоо Java болон .NET дээр суурилсан хуучин кодыг автоматаар шинэчилж, өмнө нь хэдэн сар шаарддаг байсан хүний оролцоог багасгаж байна. Үүнээс гадна, Майкрософт Azure Migrate платформдоо шинэ AI агентын чадварыг танилцуулсан бөгөөд энэхүү хүчин чадал нь программ хангамжийг орчин үеийн үүлэн дэд бүтцэд саадгүй шилжүүлэх зорилготой Azure Accelerate үйлчилгээний гол бүрэлдэхүүн болж байна.
Техникийн өр яагаад асуудал дагуулдаг вэ?
Судалгаанаас үзэхэд компаниуд хөгжүүлэлтийн нөөц бололцооны 40 хүртэлх хувийг шинэ функц, боломж нэмэхийн оронд одоо байгаа системээ л дэмжихэд зарцуулдаг байна. Хиймэл оюун ухааны шийдлүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд үүлэн дэд бүтэц, шинэ аюулгүй байдлын стандарт, өргөтгөх боломжтой системийн архитектур шаардлагатай хэвээр байна.
Майкрософтын дотоод багууд хүртэл техникийн өрийн хүндрэлтэй нүүр тулж байсан. Жишээлбэл, Xbox хэлтэс нь системээ .NET 6-аас .NET 8 руу шилжүүлэхдээ шинэ Copilot хэрэгслийг ашигласнаар шаардлагатай гар ажлыг 88 хувиар бууруулж чадсан байна.
AI агентууд хэрхэн ажилладаг вэ?
Өмнө нь системийн шинэчлэлийн явцад гар аргаар шийдэх алдааны урт жагсаалт үүсдэг байсан бол AI агентууд дараах ажлуудыг автоматжуулжээ. Тухайлбал, шилжилтийн төлөвлөгөө боловсруулах, модулиудын хамаарлыг тодорхойлон засварлах, эмзэг байдлыг хаах, мөн тест бичигдээгүй программд зориулсан туршилтын код үүсгэх зэрэг ажиллагааг гүйцэтгэдэг. Систем нь хөгжүүлэгчийн оролцоо шаардлагатай үеийг өөрөө илрүүлж, тухайн даалгаврыг хүлээлгэн өгдөг ухаалаг бүтэцтэй болсон байна.
Эхний шатны үр дүн ч бас онцгой байна. Зарим тохиолдолд Copilot ашигласнаар жилд 902,000 доллар хэмнэх боломжтойг Microsoft онцолсон. Ford Motor компанийн жишээ ч үүнийг баталж байгаа бөгөөд тэд программ хангамж шилжүүлэх явцад 70 хувийн цаг хугацаа, хөдөлмөрийг хэмнэжээ.
Google ба AWS-ийн эсрэг стратеги
Google Cloud болон AWS ч мөн адил шинэчлэлийн шийдлүүдийг санал болгож буй ч Майкрософтын гол давуу тал нь .NET болон Java хэл дээр төвлөрсөн явдал юм. Энэ нь тэдний хэрэглэгчийн баазын бүтэцтэй илүү нийцэж байгаа гэж үздэг.
Өнөөдрийн байдлаар 100 сая гаруй хэрэглэгч, Fortune 500-д багтдаг компаниудын 70 хувиас илүү нь Copilot-ыг өөрийн системд нэгтгээд байна.
Хиймэл оюунд суурилсан бизнесийн стратеги
Майкрософтын шинэ хэрэгслүүд нь компанийн гүйцэтгэх захирал Сатя Наделлагийн “AI-д тулгуурласан ирээдүйн бизнесүүд”-ийн тухай төсөөлөлд бүрэн нийцэж байгаа юм. Тэд Teams, Windows 11, Microsoft 365 Copilot, Azure AI Foundry зэрэг платформуудад AI агентуудыг үе шаттайгаар нэмж, бизнесийн бүхий л үйл явцад инновацийг шингээж байна.
Эдгээр агентууд нь хөгжүүлэгчдийг гар ажиллагаанаас чөлөөлж, илүү стратегийн ач холбогдолтой шийдвэр гаргах, системийн архитектур боловсруулах зэрэгт төвлөрүүлэх боломжийг олгож байна.
Техникийн өрийн эдийн засгийн үр дагавар
McKinsey-ийн хийсэн тооцооллоор, техникийн өрөөс шалтгаалан дэлхий дахинд жил бүр 85 тэрбум ам.долларын бүтээмжийн алдагдал үүсэж байна. Майкрософтын хиймэл оюунд суурилсан шинэ стратеги нь энэ алдагдлыг бууруулах, инновацийг түргэсгэхэд шийдэл болж чадахыг анхны тоон үзүүлэлтүүд харуулж байна.
Шинэ AI хэрэгслүүдийн бэлэн байдал
Одоогоор Java болон .NET платформын шинэчлэлд зориулсан GitHub Copilot олон нийтэд нээлттэй болжээ. Azure Migrate-ийн AI агентын функц нь урьдчилсан туршилтын шатандаа явж байгаа бол Cloud Accelerate Factory бүхий Azure Accelerate-г ойрын хугацаанд эхлүүлэхээр бэлдэж байгаа юм.