MetaMask крипто түрийвч Web3Auth компанийг худалдан авч, хэрэглэгчдэд илүү хялбар болж байна

нийтлэгч Содном Энхбаяр
MetaMask

Крипто технологийн салбарын тэргүүлэгч Consensys компани Web3Auth компанийг худалдан авснаа зарлалаа. Энэ алхам нь Consensys-ийн хамгийн алдартай бүтээгдэхүүн болох MetaMask крипто түрийвчийн ажиллагааг сайжруулж, илүү хүртээмжтэй болгох зорилготой юм. Web3Auth-ийн тусламжтайгаар криптод шинээр орж буй хэрэглэгчид нууц үг хадгалах болон оруулах төвөгтэй, аюултай үйл явцыг давалгүйгээр түрийвчид хялбар нэвтрэх боломжтой болж байна.

Өмнө нь нууц үгээ мартсан шалтгаанаар 1.8 сая биткойн буюу зах зээлд эргэлдэж буй нийт хэмжээний 9 хувь нь олон жилийн турш идэвхгүй түрийвчид “гацсан” хэвээр байгаа нь салбарын томоохон асуудал болоод байв.

Web3Auth-ийг худалдан авах үйл явдал нь Consensys компани 2023 онд браузерийн Wallet Guard өргөтгөлтэй болсон цагаас хойш 10 сарын дараа явагдаж буй юм. Wallet Guard нь MetaMask хэрэглэгчдийг сэжигтэй, хортой гүйлгээний талаар анхааруулдаг.

MetaMask нь 2016 онд танилцуулагдсанаасаа хойш өөрийн хөрөнгөө бие даан хадгалахыг хүсдэг хэрэглэгчдийн дунд хамгийн түгээмэл хэрэглэгддэг түрийвч болон өргөжиж, өдгөө 100 саяас дээш хэрэглэгчтэй болжээ.

2019 онд үүсгэн байгуулагдсан Web3Auth (хуучнаар Torus) нь хэрэглэгчдэд Google, X (хуучнаар Twitter), Discord зэрэг сошиал аккаунтаараа дамжин түрийвч нээж, хялбархан нэвтрэх боломжийг олгодог программ хангамжийг хөгжүүлсэн. Мөн олон түвшний баталгаажуулалт (MFA)-ыг дэмждэг.

Худалдан авалтын үнийн дүн олон нийтэд зарлагдаагүй байгаа бөгөөд энэхүү нэгтгэл нь Web3-ийн хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх, хэрэглэгчийн туршлагыг хялбарчлах томоохон алхам болж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.