Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Канадын Bombardier компанийн үйлдвэрлэсэн CRJ-700 загварын агаарын хөлгийг өнөөдөр /2025.07.30/ хүлээн авлаа. Тус хөлөг нь Өмнөд Африкийн Йоханнесбург хотоос 12,265 км зам туулан Улаанбаатар хотод газардсан юм.
МИАТ компани өнгөрсөн онд ижил загварын “Мазаалай” нэртэй онгоцыг хүлээн авсан бөгөөд одоо “Ирвэс” нэртэй хоёр дахь CRJ-700-гаа нислэгийн үйл ажиллагаандаа нэмж ашиглахаар болж байна. Тус онгоц нь дотоодын болон Өвөр Монголын Хөх хот зэрэг ойрын чиглэлд нислэг үйлдэх зориулалттай.
Дэвшилтэт технологи, байгальд ээлтэй шийдэл
CRJ-700 онгоц нь нэг цагт дунджаар 1.5 тонн түлш зарцуулдаг бөгөөд зорчигчийн нэг суудалд оногдох түлшний хэмжээ 21.4 литр байдаг. Ингэснээр түлшний хэмнэлттэй байдал, хүлэмжийн хийн ялгаруулалт багатай гэсэн давуу талуудтай. МИАТ компанийн хувьд байгаль орчинд ээлтэй, тогтвортой нислэгийн бодлоготой уялдаж буй шийдэл гэдгийг онцолж байна.
Бүхээгийн хувьд хөлийн зай хангалттай, суудал өргөн, гар тээшний багтаамж нэмэгдсэн зэрэг зорчигчдын тав тухыг хангах олон шинэчлэл хийгдсэн. Мөн орчин үеийн GE CF34-8C5B1 хөдөлгүүрээр тоноглогдсон бөгөөд энэ нь хөөрөлтийн үеийн 61.3 kN (12670 lbf) хүчийг гаргах чадвартай.
CRJ-700 агаарын хөлгийн үндсэн үзүүлэлтүүд:
- Их биеийн урт: 32.3 м
- Их биеийн өргөн: 7.7 м
- Суудлын тоо: 70
- Хөдөлгүүрийн төрөл: GE CF34-8C5B1
- Хөдөлгүүрийн хүч: 12670 lbf
- Түлшний нийт багтаамж: 10,989 литр
- Ачааны багтаамж: 15.5 м³
- Хөөрөлтийн дээд жин: 34,000 кг
- Нислэгийн дээд хурд: 876 км/цаг
- Алслалт: 2655 км
- Нислэгийн дээд өндөр: 41,000 фут