Microsoft болон Asus компани сүүлийн нэг жилийн турш хамтран ажилласны үр дүнд “Project Kennan” төслийн хүрээнд хоёр шинэ гар консол болох ROG Xbox Ally болон түүний илүү хүчирхэг хувилбар Xbox Ally X-ийг танилцууллаа. Эдгээр төхөөрөмжүүд нь зөөврийн төхөөрөмжид зориулсан тусгай Windows үйлдлийн систем дээр ажиллахаас гадна Xbox-ын бүтэн дэлгэцтэй интерфэйсийг дэмжиж буйгаар онцлог юм.
Цагаан өнгөтэй ROG Xbox Ally нь 720p нягтаршилтай тоглоомуудыг, харин хар Xbox Ally X нь 900p болон 1080p нягтаршилтай тоглоомуудыг дэмжинэ. Хоёр загвар хоёулаа 1080p нягтаршилтай, 120 Гц давтамж бүхий 7 инчийн дэлгэцтэй бөгөөд VRR технологийг дэмждэг.
Xbox Ally нь AMD-ын шинэ Ryzen Z2 A процессороор, Xbox Ally X нь Ryzen AI Z2 Extreme процессороор ажиллаж, тус бүр 16GB ба 24GB LPDDR5x RAM, 512GB болон 1TB M.2 SSD багтаамжтайгаар хийгджээ. Ally X загварт Thunderbolt 4 дэмждэг USB-C оролт, microSD карт уншигч зэргийг нэмж багтаасан байна.
Эдгээр төхөөрөмжүүд нь Xbox-ын удирдлагатай төстэй бариултай бөгөөд хэрэглэгчид тоглоом тоглох үедээ илүү тухтай атгаж, удирдлагууд руу саадгүй хүрэх боломжтой. Xbox-ын орчин үеийн бүх удирдлагын нэгэн адил Ally X загвар нь чичиргээт триггертэй. Мөн төхөөрөмжийг асаахад Windows-ийн үндсэн орчин шууд ачааллахгүй бөгөөд оронд нь Xbox-ын интерфэйс ажиллаж, санах ойн хэрэглээг багасгасан нь онцлог юм.
Төхөөрөмжүүд Xbox PC App ашиглан Microsoft Store, Battle.net, Steam, Epic Games Store зэрэг олон талбарын тоглоомуудыг нэгтгэн дотроо харуулах боломжтой. Хэрэглэгч төхөөрөмж дээрээ суулгасан, Wi-Fi-аар дамжуулан Xbox Series X-ээс стрийм хийж буй, эсвэл үүлэн системээс ажиллуулж буй тоглоомуудаа саадгүй тоглох нөхцөл бүрдэнэ.
Microsoft болон Asus компаниуд хэрэглээний үр ашиг, батерейн ажиллагаанд онцгой анхаарсан бөгөөд Xbox Ally нь 60 ватт-цаг, харин Ally X нь 80 ватт-цагийн багтаамжтай батерейгаар тоноглогдсон. Энэ нь зөөврийн консолууд дундаа хамгийн том батерейн нэг юм.
Шинэ Xbox Ally загварууд энэ оны сүүлээр худалдаанд гарах төлөвтэй байгаа бөгөөд албан ёсны үнийн мэдээлэл хараахан зарлагдаагүй байна.