Microsoft компани Excel програмд Formula Completion хэмээх шинэ боломж нэвтрүүлснээ зарлалаа. Энэ нь Copilot хиймэл оюун дээр суурилсан бөгөөд хэрэглэгч “=” тэмдэг оруулах мөчид тохирох томьёог санал болгож, автоматаар бөглөхөөр бүтээгджээ.
Яагаад хэрэгтэй вэ?
Excel дээр зөв функц сонгож, зөв нүд рүү хандах болон синтакс баримтлах нь туршлагатай хэрэглэгчдэд хүртэл цаг их авдаг. Харин шинэ автомат бөглөх функц нь эдгээр алхмыг хялбаршуулна.
Хэрхэн ажилладаг вэ?
- Excel нь хүснэгтийн контекстийг (гарчиг, зэргэлдээ нүд, өмнөх томьёо, хүснэгтүүд) дүн шинжилж, тохирох саналыг гаргана.
- Томьёоны хажууд тухайн томьёоны зорилго болон өмнөх үр дүнгийн товч тайлбар гарч ирнэ.
- Хэрэглэгч нэмэлт тэмдэгт бичихэд (жишээ нь, “=M…”) санал бодит цагийн горимоор шинэчлэгддэг.
Юу хийж чадах вэ?
- Жилийн өөрчлөлт зэрэг үзүүлэлтүүдийг автоматаар тооцоолох.
- Олон мужид тархсан өгөгдлөөс ашиг, гүйлгээ тооцоолох.
- REGEX гэх мэт төвөгтэй синтакс ашиглах.
- Динамик массивыг дэмжих.
Хязгаарлалт
Одоогоор Formula Completion нь зөвхөн тухайн ажлын хуудсанд хамаарах томьёог санал болгож байгаа бөгөөд бусад хуудастай холбогдох томьёог дэмжихгүй байна. Гэсэн ч ирээдүйд энэ боломжийг өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Хэрхэн илүү үр дүнтэй ашиглах вэ?
- Гарчиг болон зэргэлдээ нүдэнд тодорхой тайлбар нэмэх.
- Хэрэв санал харагдахгүй бол илүү олон тэмдэгт бичих эсвэл хэдэн секунд хүлээх.
Хэзээнээс ашиглах боломжтой вэ?
Шинэ функц нь одоогоор зөвхөн Excel Web хувилбар дээр, АНУ-ын англи хэлний Copilot хэрэглэгчдэд нээлттэй. Цаашдаа Excel Desktop болон бусад хэл дээр дэмжигдэхээр төлөвлөгдөж байгаа. Мөн санал болголтыг унтраах сонголт нэмэгдэх аж.
Сонирхуулахад, саяхан OpenAI компани ChatGPT Agent нэртэй шинэ шийдлийг танилцуулсан. Энэ нь вэб хайлт (Operator) болон гүнзгий судалгааг (Deep Research) нэгтгэсэн бөгөөд хэрэглэгч код эсвэл томьёо хуулж тавихын оронд шууд бэлэн .xlsx эсвэл .pptx файл хэлбэрээр татан авах боломжтой болсон юм.