Гурван өдөр үргэлжилсэн ширүүн өрсөлдөөний эцэст Монголын “Alpha Gaming” баг дэлхийн шилдгүүдийг ардаа орхиж, “PUBG Mobile Global Championship 2025” тэмцээний Grand Final буюу шөвгийн 16 багт шалгарлаа.
Эхний шатнаас эхлээд догдлолтой, багагүй эргэлттэй өрнөсөн энэ замналыг 18 тоглолтын нийлбэр дүнгээр 174 оноо авч хэсгээ тэргүүлсэн төгс төгөлдөр тоглолт баталгаажууллаа.
Хэсгийн шатанд It’s Coming Home: 18 тоглолтоос 174 оноо
Сүүлийн гурван өдрийн турш болсон хэсгийн шатанд “Alpha Gaming” тоглолт бүртээ тогтвортой өндөр гүйцэтгэл үзүүлж, нийт 18 тоглолтоос 174 оноо цуглуулан хэсэгтээ нэгдүгээр байр эзэллээ.
Ингэснээр тэд “PUBG Mobile Global Championship 2025” тэмцээний шөвгийн 16 багт багтаж, дэлхийн аваргын хамгийн чухал үе шат болох Grand Final-д шалгарсан юм. Хэсгээ тэргүүлснийхээ шагнал болгон баг 46,000 ам.долларын мөнгөн шагнал хүртэж байна.
Түүнчлэн багийн гол довтолгооны хүч TOP нэрээрээ алдартай А.Бүрэнбаяр хэсгийн шатны шилдэг тоглогчоор тодорсон нь Монголын цахим спортын түүхэнд онцгой амжилтын нэг болж үлдэх нь гарцаагүй.
Дэлхийн аваргын тайз: Grand Final Тайландын Бангкокт болно
“PUBG Mobile Global Championship 2025” тэмцээний шөвгийн 16 багийн тоглолт арванхоёрдугаар сарын 12–14-нд Тайландын Бангкок хотноо болно.
Grand Final шатанд гурван өдрийн турш 18 тоглолт явагдах бөгөөд нийлбэр оноогоор энэ жилийн PUBG MOBILE-ийн дэлхийн аварга баг тодорно. Шилдэг баг 500 мянган ам.долларын эзэн болох бөгөөд нийт зөвхөн энэ шатны шагналын сан 1.6 сая ам.доллар юм.
Монголын багийн сенсаци: эхний шатаас бүлгийн манлайд
Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээн гурван сая ам.долларын шагналын сантайгаар, нийт 40 багийг гурван өөр шатнаас эхлэн шигшиж, эцэст нь Grand Final-ийн шөвгийн 16-г тодруулж буй.
Монгол Улсыг төлөөлөн оролцож буй “Alpha Gaming” эхний The Gauntlet шатанд 13-р байрт бичигдэж, шууд шөвгийн 16-д гарах эрх авч чадаагүй. Гэхдээ тэд эндээс ухраагүй, харин ч эсрэгээрээ дараагийн шатнаас “камбэк” хийж чадсан.
Хэсгийн шатны эхний хоёр өдөр 12 тоглолтод өрсөлдөхөд “Alpha Gaming” 128 оноо аван хэсгээ тэргүүлж эхэлсэн бөгөөд шийдвэрлэх сүүлчийн өдөр дахин зургаан тоглолт хийсний эцэст багийн гүйцэтгэлээ хадгалж, нийт 174 оноогоор хэсгийн аварга болж шөвгийн 16-д шалгарлаа.
Alpha Gaming-ийн бүрэлдэхүүн: дэлхийн тайзны гол одод
“Alpha Gaming” багийн бүрэлдэхүүнд PUBG MOBILE-ийн мэргэжлийн тайзанд хэдийн нэрээ дуурсгасан тоглогчид нэгдсэн:
- TOP буюу А.Бүрэнбаяр – PUBG MOBILE дэлхийн аваргын шилдэг тоглогчийн нэг, энэ удаагийн хэсгийн шатны MVP
- ZOYL буюу Б.Золбоот
- Mөн 4Merical Vibes багийн бүрэлдэхүүнд өмнө нь тоглож байсан DOK, REFUS нар хүч нэмэн оролцож байна.
Ийнхүү олон улсын туршлагатай тоглогчид, ур чадварын хувьд шүтэн бишрэгчдээсээ аль хэдийн өндөр үнэлгээ авсан TOP-той баг маань дэлхийн аваргын хамгийн сүүлийн, шийдвэрлэх тайзан дээр тоглох эрхээ авчээ.
PUBG Mobile Global Championship 2025: асар том шагналын сан, шат дамжсан тулаан
Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нийт дөрвөн шаттайгаар зохион байгуулагдаж, шат тус бүр өөрийн гэсэн шагналын сантайгаар явагдаж байна.
Шагналын сангийн хуваарилалт:
- The Gauntlet шат – 429,000 ам.доллар
- Хэсгийн шат – 439,000 ам.доллар
- Last Chance шат – 93,000 ам.доллар
- Grand Final шат – 1,600,000 ам.доллар
Grand Final-ийн сүүлийн 16 багийн өрсөлдөөнд түрүүлсэн баг 500,000 ам.долларын эзэн болох бөгөөд үлдсэн багууд ч оноо, байрлалынхаа дагуу шагналын бүхий л сангаас хувь хүртэнэ.
Монголын eSports-д түүхэн боломж нээгдлээ
“Alpha Gaming” багийн энэ амжилт нь Монголын цахим спортын хөгжил, PUBG MOBILE төрлийн эрэлт, сонирхолд том түлхэц болох нь гарцаагүй. Эхний шатанд шөвгийн 16-д үлдэж чадаагүй баг хэсгийн шатанд эргэн ирж хэсгээ тэргүүлэн Grand Final-д шалгарч, MVP хүртэл төрүүлнэ гэдэг нь Монголын багууд дэлхийн түвшинд жинхэнэ өрсөлдөх чадвартай болсны тод жишээ юм.
Одоо Монголын энэ баг дэлхийн аваргын цом, 500 мянган ам.долларын төлөө дэлхийн шилдэг 15 багтай нүүр тулж, Бангкокийн тайзнаа жинхэнэ “final boss” тулаанаа хийхэд бэлэн боллоо.
