Меркурийн халуун гадаргаас эхлээд мөстсөн аврага гаригууд хүрэх хүртэл бид Нарны аймгийг бараг бүрэн судалсан гэж үздэг байв. Гэвч Америкийн “Ирээдүйн судалгааны хүрээлэн”-гийн астрономич Сихао Чен тэргүүтэй судалгааны баг нарны аймгийн хамгийн алс захад орших нууцлаг биет — 2017 OF201-ийг илрүүлснээ зарлалаа. Энэхүү объект нь карлик гариг байх магадлалтай бөгөөд Планет X (эсвэл 9-р гариг)-ийг хайх судалгаанд чухал шинэ түлхэц өгөхүйц юм.
2017 OF201 — Хэн бэ?
Энэ биет нь транснептун буюу Нептуны орбитоос цааш эргэлддэг биетүүдийн нэг юм. Хэдий Койперийн бүсэд ижил төстэй олон биетүүд бий ч 2017 OF201 онцгой тохиолдол юм.
- Диаметр: Одоогийн үнэлгээгээр ойролцоогоор 700 км, Плутон (2400 км)-оос бага ч дугуй хэлбэртэй байх хэмжээнд хүрэлцэхүйц том
- Орбит: Хамгийн хол цэг нь дэлхийгээс Нарыг хүртэлх зайнаас 1600 дахин хол бөгөөд хамгийн ойр цэг нь Плутоны орбиттой дүйцэхүйц
- Нэг бүтэн эргэлтэд: 25,000 жил шаардагдана. Өмнө нь хамгийн ойртсон үед мамонт амьдарч байжээ!
Тийм хол яаж очив?
Судлаачдын үзэж буйгаар энэ орбит нь гаригуудын таталцлын тоглоом юм. Магадгүй өмнө нь том гаригтай ойртож, Оортагийн үүл рүү түлхэгдсэн байж болох ба дараа нь өөр нэг гравитацийн нөлөөгөөр буцаж ирсэн ч энэ мэт хэт суналттай орбит-д орсон гэж таамаглаж байна.
Яагаад энэ чухал вэ?
- Нууцлаг зах дах олон объектууд: Энэ объект 25 мянган жилийн орбитын хугацааны 1% хүрэхгүй хугацаанд л бидэнд харагдаж байна. Тэгэхээр бид нэгийг нь л олсон бол арван, зуу зуун ижил хэмжээтэй объектууд нууж яваа байх магадлал өндөр.
- Планет X-н онолыг сэгсрэв: Бусад алсын обьектууд ижил хандлагатай орбиттой байхад 2017 OF201 тэс өөр хандлагатай. Энэ нь Планет X байхгүй байх магадлалтайг (эсвэл илүү төвөгтэй нөлөөтэйг) илтгэнэ.
Яаж олсон бэ?
Шинэ телескопоор биш, харин өмнөх телескопын архивын зургуудаас тусгай алгоритм ашиглан хөдөлж буй цэгүүдийг олсон байна. Зураг бүрт хөдөлгөөнтэй гэрэл цэгийг таних замаар 19 өөр экспозициос илрүүлжээ. Тэр ч бүү хэл эдгээр өгөгдөл нийтэд нээлттэй байсан тул шийдвэр гаргах чадвартай хэн ч энэ нээлтийг хийх боломжтой байжээ.
Дүгнэлт
2017 OF201 бол Нарны аймгийн захын бүс тийм ч “хоосон” биш гэдгийг баталж буй нотолгоо. Мөн энэ объект нь орбитын хэт хазайлт, хэмжээний хувьд манай системийн бүтэц, үүсэл, цаашдын судалгаанд асар их нөлөө үзүүлж болзошгүй юм. Энэ нь зөвхөн шинжлэх ухаанд төдийгүй, бидний төсөөллийн хил хязгаарыг ч давж буй сонирхолтой шинэ ертөнц юм.