Нарны аймгийн алслагдсан бүсэд томоохон нууцлаг гараг оршин байх магадлалтай гэсэн онол олон жилийн турш эрдэмтдийн дунд яригдсаар ирсэн. Далайн ван гарагаас цааш орших мөсөн биетүүдийн хачирхалтай тойрог зам нь ийм гараг байгааг илтгэж магадгүй хэмээн судлаачид таамаг дэвшүүлж, түүнийг “ес дэх гараг” хэмээн нэрлэдэг байв.
Харин АНУ-ын гурван судлаач нарны аймгийн энэ бүсээс шинэ одой гараг илрүүлснээ зарлажээ. 2017 OF201 хэмээн нэрлэгдсэн энэхүү биет нь 700 орчим километрийн өргөнтэй бөгөөд энэ нь Дэлхийн вангаас гурав дахин жижиг ч одой гарагийн ангилалд багтахуйц хэмжээтэй гэж Нью Жерсигийн “Institute of Advanced Study”-ийн одон оронч Сихао Чэн тайлбарлаж байна.
Шинэ гараг Дэлхийгээс Далайн ван хүртэлх зайнаас гурав дахин хол оршдог бөгөөд Дэлхийгээс Нар хүртэлх зайнаас 1600 дахин хол зайг тойрон эргэдэг. Нарыг бүтэн тойроход 25,000 жил зарцуулдаг ба энэ хугацааны ердөө нэг зуун орчим жилд л дэлхийгээс ажиглагдахуйц ойртдог байна. Үүнээс үзэхэд энэхүү биет өмнө нь өөр одыг тойрон эргэж байсны дараа нарны аймгийн таталцлын нөлөөнд орж ирсэн байж болзошгүй гэж Чэн таамаглаж байна.
Чэн болон түүний багийнхан шинэ биетийн тойрог замыг загварчлах явцдаа “Ес дэх гараг” гэх онолын үндэс болсон орон зайн өөрчлөлттэй үл нийцэж байгааг тогтоосон нь энэ онолд эргэлзээ төрүүлэх шалтгаан болжээ. Хэдийгээр энэ нь “ес дэх гараг” биш болохыг илтгэж байгаа ч Куйперын бүслүүрт ижил төстэй олон биетүүд оршин байгаа болохыг харуулж байна.
Одоогоор нарны аймгийн захад орших Куйперын бүслүүрээс илэрч, албан ёсоор одой гараг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн дөрвөн биет байдаг. Харин 2017 OF201 нь тав дахь одой гараг болох өндөр магадлалтай байгааг Чэн онцолжээ.
“Ес дэх гараг” хэмээх нэр томьёо нь 1930 онд одон орончид энэ бүсээс нууцлаг биет хайж байх үед Дэлхийн ван гарагийг илрүүлснээс эхтэй. Гэвч хэт жижиг хэмжээтэй нь батлагдсанаар 2006 онд нарны аймгийн гараг гэсэн ангиллаас хасагдаж, одой гарагт багтсан юм. Үүнээс хойш энэхүү нууцлаг ертөнцийн талаархи таамаг улам лавширсан ч баттай нотолгоо гараагүй хэвээр байв.
Ирэх саруудад Чили улсад ашиглалтад орох Vera Rubin Observatory хэмээх орчин үеийн асар том телескоп энэхүү бүсийг илүү нарийвчлан судлах боломжийг бүрдүүлэх юм. “Бид нарны аймгийн хил хязгаарыг бараг харж чадахуйц телескопуудын эрин үед амьдарч байгаа ч одоог хүртэл мэдэхгүй зүйл маш их байна” хэмээн Чэн онцолжээ.