АНУ-ын шинэ судалгаагаар Калифорнийн фермерүүд уламжлалт газар тариаланг орхиод нарны зай хураагуур суурилуулах эсвэл газраа түрээслэх нь илүү ашигтай болсон гэж үзэж байна. Байгаль, эдийн засгийн сорилт ихэссэн энэ үед фермерүүд “нарны эрчим хүч бол шинэ үеийн ургац” хэмээн үзэх болжээ.
АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны 2022 оны судалгаагаар 117 мянга орчим фермер аль хэдийн нарны хавтан ашиглаж байсан бол шинээр хийгдсэн судалгаанд 6,500 гаруй нарны эрчим хүчний байгууламжийг хамруулжээ. Түүнчлэн Калифорнийн бараг 1,000 байршилд буюу нийт 40.5 км² талбайд байрласан нарны хавтанг гүнзгий шинжилсэн байна.
Яагаад нарны зай?
Калифорнийн фермерүүдийн хувьд:
- Усны хомсдол
- Ган гачиг
- Үр болон бордооны өртгийн өсөлт
- Хуулиар 2040 он гэхэд усны хэрэглээг бууруулах шаардлага зэрэг нь газар тариаланг илүү эрсдэлтэй, ашиггүй болгожээ.
Ийм нөхцөлд фермерүүд нарны зай хураагуураар газар ашигласнаар:
- Орлогын тогтвортой эх үүсвэр олж
- Усны хэрэглээг эрс бууруулж
- Тариаланг багасгаж, цэвэр эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн байна.
Эдийн засгийн өгөөж
- Нарны зай хураагуур суурилуулсан фермерүүдийн нэг акр газраас жилийн дундаж орлого 50,000 ам.долларт хүрч, энэ нь уламжлалт тариалантай харьцуулахад 25 дахин их ашиг өгчээ.
- Түрээсийн хэлбэрийг сонгосон фермерүүд ямар ч хөрөнгө оруулалтгүйгээр 0.4 га талбайгаас жилд 1,100 ам.долларын орлого олсон.
- Түүнчлэн фермерүүд ус хэмнэж, цахилгаан борлуулж, зардлаа бууруулахын зэрэгцээ ашиг нэмэгдүүлж байна.
Хүнсний аюулгүй байдал ба хязгаар
Гэсэн ч судлаачид тариалангийн зориулалттай газрыг нарны эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх нь хүнсний үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулсан. Хэрвээ энэ талбай дээр тариа тарьсан бол өдөрт 2,000 калори илчлэг хэрэглэдэг 86 мянган хүнийг тэжээх хэмжээний хүнс үйлдвэрлэх боломжтой байжээ.
Гэсэн ч нарны зай хураагуурын ашиглалтаар жил бүр 470 мянган өрхийг хангах цахилгаан үйлдвэрлэгдэж байгаа нь АНУ-ын цэвэр эрчим хүчний хангамжид чухал хувь нэмэр болж байна.
Ус хэмнэх давуу тал
Ихэнх нарны байгууламж усалгаатай байсан газруудад суурилуулсан бөгөөд үүний үр дүнд:
- 27 сая хүнд хангалттай хэмжээний ус
- 30.5 км² талбай бүхий цэцэрлэг усжуулах боломжтой усны нөөц хэмнэгдсэн байна.
Зарим фермерүүд нарны зай суурилуулсан газрын хажууханд бага хэмжээний тариалалт хийж, уламжлалт, эрчим хүчний хосолсон хэлбэрээр тогтвортой орлоготой болсон байна.
Ирээдүйн төлөв
Шинжээчдийн тооцоолсноор, хэрэв АНУ хөдөө аж ахуйн нийт талбайнхаа 1.1–2.4 хувийг нарны зайд зориулбал чулуужсан түлш ашигладаг цахилгаан станцуудыг орлох хэмжээний эрчим хүчийг үйлдвэрлэх бүрэн боломжтой.