Одон орончид HD 35843 одны тойрог замд хоёр шинэ дэлхийгээс хэд дахин том гаригийг илрүүлсэн тухайгаа мэдэгдэв. Энэ тухай судалгааны өгүүллийг 2025 оны тавдугаар сарын 1-нд arXiv.org preprint серверт нийтэлсэн байна.
Эдгээр экзопланетуудыг АНУ-ын TESS (Transiting Exoplanet Survey Satellite) хиймэл дагуулын өгөгдөлд үндэслэн Массачусетсийн Технологийн Их Сургуулийн Кэтрин Хэссе тэргүүтэй судлаачид илрүүлжээ. TESS нь одоогоор 7600 орчим экзопланетийн нэр дэвшигчийг илрүүлээд байгаа бөгөөд үүнээс 622 нь батлагдсан гаригууд юм.
HD 35843 буюу TOI 4189 – Нартай төстэй од
HD 35843 (эсвэл TOI 4189) нь 0.9 нарны радиустай, нарны масстай адил төстэй ч металл багатай G-од юм. Уг одыг TESS хиймэл дагуул 2018-2022 оны хооронд ажигласан бөгөөд гэрлийн муруйн өөрчлөлтөөр дамжин өнгөрөх гаригийн дохио илрүүлсэн байна. Уг дохиог газар дээрх ажиглалтаар баталгаажуулж, хоёр экзопланетын оршин тогтнохыг тогтоожээ.
“Бид нарны адил, металл багатай HD 35843 одны тойрог замд эргэдэг хоёр шинэ гариг илрүүлж, баталгаажуулсан” гэж судалгаанд дурдсан байна.
HD 35843 c – Хүйтэн, Далай вангийн хэмжээтэй гариг
HD 35843 c нь:
- Дэлхийгээс 2.5 дахин том
- 11.3 дахин их масстай
- 3.8 г/см³ нягттай
- 0.25 AU зайд 46.7 хоног тутамд тойрдог
- Тэнцвэрийн температур нь 479 К
Энэ нь TESS-ийн илрүүлсэн хамгийн хүйтэн экзопланетуудын нэг болж байна. Найрлагын хувьд чулуурхаг устөрөгчийн агаар мандалтай эсвэл усны ертөнц байж болох магадлалтай ч эцэслэн тодорхойлоход эрт байгаа аж.
HD 35843 b – Супер дэлхий
HD 35843 b гариг нь радиаль хурдыг хэмжих замаар илэрсэн ба:
- 0.088 AU зайтай
- 9.9 хоногийн тойрог замтай
- Массыг нь дор хаяж дэлхийнхээс 5.84 дахин их гэж тооцжээ.
Судлаачдын дүгнэлтээр энэ гариг нь “супер дэлхий” ангилалд багтана.
Цаашдын судалгаанд JWST ашиглана
HD 35843 c-ийн дамжуулалтын спектроскопийн үзүүлэлт (TSM) өндөр, мөн харьцангуй багад тооцогдох температур нь агаар мандлын найрлагыг тодорхойлоход онцгой боломжтой хэмээн судлаачид үзжээ. Иймээс энэ гаригийн агаар мандлыг Жеймс Уэбб сансрын дуран (JWST) ашиглан судлах ирээдүйн нэн чухал зорилтуудын нэг хэмээн онцолсон байна.