НАСА: 2030 он гэхэд саран дээр цөмийн реактор байрлуулна

нийтлэгч Содном Энхбаяр
НАСА: 2030 он гэхэд саран дээр цөмийн реактор байрлуулна

АНУ-ын Сансрын агентлаг НАСА 2030 он гэхэд саран дээр цөмийн реактор байгуулах төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг түргэвчлэхээр шийдсэн тухай BBC мэдээллээ.

Politico сайтын мэдээлснээр, НАСА-гийн түр дарга Хятад болон ОХУ-ын ижил төстэй санаачилгыг дурдсанаар эдгээр хоёр улс сарны тодорхой хэсэгт нэвтрэхийг хориглосон бүс зарлах магадлалтай байгааг онцолжээ.

Гэсэн хэдий ч, энэ төсөл нь сүүлийн үед их хэмжээний төсвийн таналттай тулгарч, хэрэгжих хугацааны талаар эргэлзээ үүссэн байна. Зарим эрдэмтэд уг санаачилгыг геополитикийн зорилго гэдэг утгаар хэтэрхий хөтлөгдөж байна гэж шүүмжилжээ.

АНУ, Хятад, ОХУ, Энэтхэг, Япон зэрэг улс орнууд сарны гадаргууг судлах уралдаанд оролцож, зарим нь байнгын суурин байгуулах төлөвлөгөөтэй байгаа билээ.

Шон Даффи, АНУ-ын тээврийн сайд New York Times-т илгээсэн захидалдаа “Ирээдүйн сарны эдийн засгийг дэмжих, Ангараг дээр өндөр хүчин чадалтай эрчим хүч үйлдвэрлэх, сансарт үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлэхийн тулд энэ чухал технологийг яаралтай хөгжүүлэх шаардлагатай” гэж онцолжээ. Тэрбээр хувийн компаниудад хамгийн багадаа 100 киловатт эрчим хүч үйлдвэрлэх чадвартай реактор бүтээх санал ирүүлэхийг уриалсан байна.

Гэвч энэ хэмжээний эрчим хүч нь харьцангуй бага байдаг. Жишээлбэл, жирийн салхин сэнс нь 2-3 мегаватт, буюу 20-30 дахин их цахилгаан гаргадаг.

Саран дээр цөмийн реактор барьж, эрчим хүчний эх үүсвэр болгох санаа шинэ зүйл биш юм. 2022 онд НАСА гурван компанид тус бүр 5 сая ам.долларын гэрээ байгуулж, реакторын загвар гаргуулахаар болсон.

Мөн энэ оны тавдугаар сард Хятад, ОХУ улс 2035 он гэхэд саран дээр автоматжсан цөмийн цахилгаан станц байгуулах төлөвлөгөөгөө зарласан байна.

Эрдэмтэд тасралтгүй эрчим хүч үйлдвэрлэхийн тулд саран дээр цөмийн эрчим хүч ашиглах нь хамгийн оновчтой, зарим тохиолдолд цорын ганц шийдэл байж болохыг үзэж байна. Учир нь саран дээрх нэг өдөр нь дэлхийн дөрвөн долоо хоногтой тэнцэх бөгөөд энэ хугацаанд хоёр долоо хоног тасралтгүй нар манддаг бол дараагийн хоёр долоо хоног тас харанхуй үргэлжилдэг. Ийм нөхцөлд нарны эрчим хүч ашиглах нь хүндрэлтэй байдаг аж.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.