НАСА 2100 гаруй өндөр албан тушаалтныг цомхотгож, шинжлэх ухааны салбарт “гамшиг” нүүрлэв

нийтлэгч Содном Энхбаяр
НАСА 2100 гаруй өндөр албан тушаалтныг цомхотгож, шинжлэх ухааны салбарт “гамшиг” нүүрлэв

АНУ-ын Төрийн албанд өрнөж буй хэмнэлтийн бодлогын хүрээнд НАСА (АНУ-ын Үндэсний агаар ба сансрын захиргаа)-гийн 2145 ажилтныг цомхотгохоор боллоо. Энэ нь G-13, G-14, G-15 зэрэг өндөр түвшний мэргэжилтнүүд бөгөөд тэдний олонх нь зургаан оронтой цалин авдаг менежер, мэргэжлийн боловсон хүчин юм.

Энэхүү цомхотгол нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас төрийн албаны тоог бууруулах санаачилгын хүрээнд хийгдэж байгаа бөгөөд эдгээр ажилтнуудын олонх нь сайн дураараа тэтгэвэрт гарч, нөхөн олговор авах нөхцөлд хамрагдсан байна. Politico-гийн мэдээлснээр нийтдээ 2700 гаруй төрийн албан хаагч дээрх урамшууллын дагуу ажлаасаа чөлөөлөгдөхөөр болжээ.

Энэ шийдвэртэй зэрэгцэн Трамп НАСА-гийн ирэх оны төсвийг 25 хувиар танах санал гаргасан. Харьцуулахад Pew судалгааны төв НАСА-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, шуудангийн албаны дараа АНУ-ын хамгийн өндөр үнэлгээтэй төрийн байгууллагуудын нэг хэмээн онцолж байжээ.

Шинжлэх ухааны салбарынхан энэхүү хэмнэлтийн бодлогыг хүчтэй шүүмжилж байна. Онолын физикч Чанда Прескод-Вайнштейн “Энэ бол сансрын шинжлэх ухаан, астрофизикийн хувьд гамшиг. Зөвхөн Америкт төдийгүй дэлхийн хэмжээнд нөлөөлнө” гэж анхаарууллаа.

Одон оронч Роберт Рутлежийн мэдээлснээр Мэрилэнд мужийн Годдард сансрын төвөөс 607 ажилтан, Флоридагийн Кеннедигийн сансрын төвөөс 311, Техасын Жонсон төвөөс 366, Виржиниа дахь Лангли төвөөс 281 ажилтан цомхотголд өртөж байна. Ийнхүү их хэмжээний боловсон хүчний алдагдал нь АНУ-ыг олон жилийн турш эзэлж ирсэн астрофизикийн тэргүүлэгч байр сууриа алдах эрсдэлд оруулж байна.

НАСА-гийн шинжлэх ухааны хөтөлбөрийн салбарын санхүүжилт бараг 50 хувиар буурч байгаа бол хүний оролцоот сансрын нислэгийн төсөв өссөн байна. Түүнчлэн тус агентлагийн харьяа 41 судалгааны салбарыг хаах санал шинэ төсөвт тусгагджээ. Хэдий тийм боловч Төсвийн хуулийн дагуу 7-р сарын 4-нд батлагдсан шинэ санхүүжилтээр НАСА-гийн хөтөлбөрүүдэд 10 тэрбум орчим ам.доллар хуваарилагдсан байна.

Энэ бүхэнтэй зэрэгцэн төрөөс санхүүждэг бусад байгууллагууд болох Үндэсний цаг уурын алба, Далай, агаар мандлын үндэсний захиргааг (NOAA) ч хувийн хэвшилд шилжүүлэх асуудлыг Трампын баг судалж буй талаар мэдээлэл гараад байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.