SLS пуужин болон Orion хөлгийг хөөргөх талбай руу зөөвөрлөнө
АНУ-ын сансар судлалын агентлаг NASA хүнтэй Artemis II сансрын нислэгийн эцсийн техникийн шалгалтыг амжилттай дуусгаснаа мэдэгдлээ. Энэ нь Сарны орчимд хүнтэй нислэг хийх дараагийн томоохон алхам гэж үзэж байна.
Төлөвлөгөөний дагуу гуравдугаар сарын 19-нд SLS пуужин болон Orion сансрын хөлгийг Флорида муж дахь Кеннедигийн нэрэмжит сансрын төвийн хөөргөх талбай руу зөөвөрлөх юм. Урьдчилсан төлөвлөгөөгөөр хөөргөх хугацааг дөрөвдүгээр сарын 1-нд хийхээр тогтоогоод байна.
50 жилийн дараах анхны хүнтэй алсын сансрын нислэг
Artemis II нислэгийн хүрээнд дөрвөн сансрын нисгэгч Сарны тойрог замаар нисэж, дэлхийд буцаж ирэх даалгаврыг гүйцэтгэх юм. Энэ нь сүүлийн 50 жилийн хугацаанд анх удаа хүнтэй алсын сансрын нислэг хийх тохиолдол болж байна.
NASA-ийн мэдээлснээр уг нислэг нь ирээдүйд Сар дээр хүн буулгах Artemis хөтөлбөрийн дараагийн шатны бэлтгэлд чухал ач холбогдолтой.
Хөөргөх огноо өөрчлөгдөх боломжтой
Одоогоор хөөргөх ажиллагааны бэлтгэл үргэлжилж байгаа бөгөөд эцсийн техникийн ажлууд хийгдэж байна. Үүнтэй холбоотойгоор хөөргөх огноо өөрчлөгдөх магадлал байгааг NASA онцолжээ.
Artemis хөтөлбөр нь хүн төрөлхтнийг Сар руу дахин хүргэх зорилготой бөгөөд цаашлаад Ангараг гаригт хүнтэй нислэг хийх ирээдүйн судалгааны үндэс суурийг тавих зорилготой юм.