НАСА Crew 11 багийг нэг сарын өмнө буцаах хувилбарыг судалж эхэллээ

нийтлэгч Содном Энхбаяр
НАСА Crew 11 багийг нэг сарын өмнө буцаах хувилбарыг судалж эхэллээ

ОУСС дээр нэг гишүүний бие муудсанаас задгай сансрын ажлыг сүүлчийн мөчид цуцлав

Дэлхийн тойрог зам дахь Олон Улсын Сансрын Станцад ажиллаж буй Crew 11 багийн дөрвөн сансрын нисэгчийн нэгийнх нь эрүүл мэнд муудсантай холбоотойгоор НАСА хугацаанаас нь өмнө дэлхийд буцаах хувилбарыг судалж эхэлжээ. Нэрийг нь дурдаагүй багийн гишүүний биеийн байдал одоогоор тогтвортой байгаа ч эрүүл мэндийн шалтгаанаар задгай сансарт ажиллуулах байсан төлөвлөгөөг сүүлийн мөчид цуцалсан байна.

НАСА-гийн мэдээлснээр, Пүрэв гарагт багийн хоёр гишүүн задгай сансарт ажиллах хуваарьтай байсан ч Лхагва гарагийн үдээс хойш гарсан эрүүл мэндийн асуудлын улмаас өмнөх өдөр нь цуцалжээ. “Лхагва гарагийн үдээс хойш тойрог замын станцад гарсан багийн гишүүний эрүүл мэндийн асуудлыг бид хянаж байна. Хувийн мэдээллийг нууцлах үүднээс гишүүний нэрийг зарлах боломжгүй” гэж НАСА мэдэгдсэн байна.

Эрүүл мэндийн шалтгаанаар бүх багийг буцаах боломжийг хэлэлцэж байна

Эрүүл мэндийн асуудал гарсан ч тухайн гишүүний биеийн байдал тогтвортой байгаа тул НАСА асуудлыг аюулгүй байдлын хүрээнд үнэлж, бүх хувилбарыг зэрэг судалж эхэлжээ. “Аюулгүй байдал бидний хамгийн тэргүүний зорилт тул бид Crew 11 багийн гишүүдийг төлөвлөгөөнөөс нь өмнө буцаах хувилбарыг оролцуулаад бүх боломжийг судалж байна” гэж НАСА-гийн хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдэгдсэн байна.

НАСА-гийн аюулгүй ажиллагааны менежерүүд Crew 11 багийн бүх дөрвөн гишүүнийг хугацаанаас нь нэг сарын өмнө дэлхийд буцаах боломжийг судалж байгаа бөгөөд ингэвэл тэдэнтэй хамт байгаа өөр багийн гурван гишүүн станцад үргэлжлүүлэн үлдэхээр байна. Учир нь Crew 11 багийнхны гүйцэтгэх үүргийг нэг гишүүнээс нь салгах боломжгүй тул багийн ажлыг бүхэлд нь эрт дуусгаж буцаах хувилбар яригдаж байгаа ажээ.

Crew 11 багийн дөрвөн гишүүн нь АНУ-ын Зена Кардмэн, Майк Финке, Японы Кимия Юи, Оросын Олег Платонов нар юм. Тэд 2025 оны наймдугаар сард SpaceX компанийн Crew Dragon хөлгөөр тойрог замд хүрсэн бөгөөд зургаан сар ажиллаад 2026 оны хоёрдугаар сард буцах төлөвлөгөөтэй байсан байна.

Одоогоор ОУСС дээр Crew 11-ээс гадна АНУ-ын Крис Уиллямс, Оросын Сергей Куд Сверчков, Сергей Микаев нар ажиллаж байгаа гэж мэдээлжээ. Станц дээр эмчилгээний анхан шатны багаж хэрэгсэл байдаг бөгөөд өвчлөлийн үед дэлхий дээрх эмч нар видео холбоогоор зөвлөх, заавар өгөх зохицуулалттай юм байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.