Сансрын хог хаягдлын аюул
Сансрын орчин дахь хог хаягдал нь хиймэл дагуулууд болон Олон улсын сансрын станцын (ОУСС) үйл ажиллагаанд бодит аюул занал учруулж байна. НАСА-гийн Орбитын хог хаягдлын улирлын мэдээний (ODQN) 2025 оны есдүгээр сарын дугаарт дурдсанаар хог хаягдал тогтмол нэмэгдэж байгаа бөгөөд түүнийг хянах, багасгах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай гэж онцолсон байна.
Илрүүлэгдсэн обьектуудын тоо өсөв
2025 оны зургаадугаар сарын 4-ний байдлаар дэлхийн нам дор орбитод нийт 29,837 хүний гараар бүтсэн биетийг ажиглалтын аргаар бүртгэжээ. Энэ нь гурван сарын өмнөхөөс 269-өөр өссөн үзүүлэлт юм. Тэдгээрээс 14,655 нь ашиглаж буй болон ашиглалтаас гарсан сансрын хөлөг, үлдсэн 15,182 нь пуужингийн шат, бүтцийн хэлтэрхий болон бусад төрлийн хог хаягдал байна.
Хамгийн их хог хаягдалтай улсууд
Сансрын хог хаягдлын тоогоор АНУ тэргүүлж байгаа бөгөөд нийт 14,536 обьект бүртгэгджээ. Үүнээс 9,779 нь хиймэл дагуул, 4,757 нь пуужингийн шат болон бусад хаягдал юм. Дараагийн байруудад:
- Орос – 6,631 объект
- Хятад – 5,446 объект
- Их Британи – 718 объект
- Франц – 639 объект
- Япон – 297 объект
- Энэтхэг – 195 объект
- Европын сансрын агентлаг – 130 объект
Бусад улс орнуудын нийлбэр нь 1,245 болж байна.
Дүгнэлт
НАСА болон олон улсын байгууллагуудын үзэж буйгаар орбитын хог хаягдлыг бууруулахад дэлхийн бүх улс орны хамтын ажиллагаа нэн чухал. Учир нь энэ асуудал нь зөвхөн технологийн төдийгүй дэлхийн сансар судлалын аюулгүй байдлын тулгамдсан асуудал болоод байна.