Богино клипийг гүйлгэж үздэг шинэ хэсэг нэмэгдэхээр байна
Netflix 2026 онд мобайл аппдаа босоо видео үзэх функцийг оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр хэрэглэгчид кино, цувралын богино хэсэг, трейлер болон сурталчилгааны клипүүдийг TikTok, YouTube Shorts шиг нэг нэгээр нь гүйлгэн үзэх боломжтой болно. Үндсэн санаа нь урт жагсаалт ухахын оронд контентыг богино форматаар “харж мэдрээд” шууд сонголт хийх орчинг бүрдүүлэх явдал юм.
Хайлт, сонголтын хэв маягийг өөрчлөх зорилготой
Шинэ босоо видео горим нь Netflix дотор юу үзэхээ шийдэх мөчийг хурдлуулахад чиглэнэ. Хэрэглэгч клипийг хэдхэн секундэд хараад л сонирхол татсан контент дээрээ тогтох, эсвэл дараагийнх руу шууд шилжих хэлбэрээр үзэх үйл явц илүү динамик болно. Энэ нь мобайл хэрэглээнд, ялангуяа богино хугацаанд “үзэх зүйлээ олъё” гэсэн дадалтай хэрэглэгчдэд илүү тохирох шийдэл гэж үзэж байна.
Зөвхөн клип биш, шинэ төрлийн контентыг таниулах суваг болно
Netflix энэ хэсгийг зөвхөн кино, цувралын клипээр хязгаарлахгүй байж магадгүй. Мэдээллээр бол подкаст зэрэг шинэ төрлийн контентыг хэрэглэгчдэд хүргэх, танилцуулах суваг болгон ашиглах төлөвлөгөөтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл босоо видео нь үзвэрийн шинэ формат төдийгүй платформ дээрх шинэ төрлийн бүтээгдэхүүнийг “олонд гаргах” хэрэгсэл болох боломжтой.
Netflix яагаад ийм алхам хийх гэж байна вэ
Сүүлийн жилүүдэд богино видео платформууд хэрэглэгчийн анхаарлыг ихээр татах болсон тул стриминг үйлчилгээнийхэнд ч гэсэн контентыг хурдан, ойлгомжтой хэлбэрээр харуулах шаардлага нэмэгдсэн. Netflix-ийн босоо видео нь хэрэглэгчийг апп дотроо илүү удаан байлгах, мөн үзэх контентоо хурдан олоход нь түлхэц өгөх зорилготой шинэчлэл болж харагдаж байна.
1 сэтгэгдэл
Бараг бүх платформ ижилхэн болж байна даа