Гар утаснаас ТВ рүү шууд дамжуулах боломжийг нууцаар хязгаарлав
Netflix гар утасны аппликациасаа орчин үеийн ихэнх ухаалаг телевиз болон медиа тоглуулагч төхөөрөмж рүү контент дамжуулах (cast) боломжийг чимээ багатайгаар бараг бүрэн хаажээ. Хамгийн сүүлийн үеийн Chromecast болон Google TV Streamer хүртэл энэ шинэ бодлогын “золиос” болсон байна.
Энэ өөрчлөлтийг хамгийн түрүүнд Reddit-ийн хэрэглэгчид анзаарсан бөгөөд удалгүй Netflix-ийн шинэчлэгдсэн дэмжлэгийн хуудсанд тус арга хэмжээ баталгаажсан байв. Одоо тус үйлчилгээ хэрэглэгчдэд телевиз эсвэл тоглуулагчийнхаа хамт ирсэн физик алсын удирдлагыг ашиглан Netflix-ээ удирдахыг албан ёсоор зөвлөж эхэлжээ.
Cast товч бараг бүх төхөөрөмжөөс алга болов
Өөрийн тусдаа интерфэйс болон алсын удирдлагатай ихэнх төхөөрөмж дээр Netflix-ийн дамжуулах функц бүр мөсөн алга болсон байна. Үлдэж үлдсэн цөөхөн тохиолдлын нэг нь хуучин үеийн Chromecast (1–3-р үе) болон Google Cast технологи суулгасан зарим загварын телевизүүд юм.
Гэхдээ эдгээр дээр ч бас том хязгаарлалт оржээ: дамжуулах боломжийг зөвхөн хамгийн өндөр үнэтэй, зар сурталчилгаагүй тарифын хэрэглэгчид л ашиглаж чадна. Хямд багц сонгосон захиалагчид хувьд cast хийх функц бүрэн хаагдсан гэсэн үг.
Cast товчлуур чимээгүй арчигдаж, хэрэглэгчид бухимдав
Сүлжээнд гарсан мэдээллээр бол Cast товчлуур 11-р сарын дунд үеэс эхлэн ямар ч албан ёсны мэдэгдэл, тайлбаргүйгээр аппликейшнээс шат дараатайгаар алга болж эхэлжээ. Reddit-ийн нэг хэрэглэгчийн хуваалцсанаар Netflix-ийн дэмжлэгийн алба алсын удирдлагатай төхөөрөмжүүд цаашид дамжуулалтыг дэмжихгүй болсон гэж тайлбарлахдаа уг шийдвэрийг “хэрэглэгчийн туршлагыг сайжруулах” зорилготой хэмээн хариулсан байна.
Ингэснээр олон хэрэглэгч гар утаснаасаа TV рүү кино, цувралаа нэг товшилтоор дамжуулж үздэг дадалтай байснаа алдаж, интерфэйс болон төхөөрөмжийн хоорондын уялдаа гэнэт өөрчлөгдсөнд шүүмжлэлтэй хандаж байна.
2019 оны AirPlay маргаантай түүх дахин давтагдав уу?
Одоогийн нөхцөл байдал нь 2019 онд өрнөсөн, Netflix ба Apple-ийн AirPlay-тэй холбоотой маргаантай үйл явдлыг санагдуулж байна. Тухайн үед Netflix нь техникийн шалтгаан болон Apple компани AirPlay-г гуравдагч талын үйлдвэрлэгч нарт нээснээр төхөөрөмжүүдийг зөв тодорхойлоход хүндрэл гарч байгаа хэмээн тайлбарлаж, iOS дээрх AirPlay дэмжлэгээ зогсоосон билээ.
Одоо үүнтэй төстэй сценарийг Google-ийн экосистем дотор харж болохоор байна. Албан ёсны тайлбар хязгаарлагдмал, хэрэглэгчид бухимдалтай, дамжуулах технологи дээрх бодлого нь аажмаар чангарсан гэх үндсэн зураглал дахин давтагдаж буй нь анхаарал татаж байна.