Neuralink компанийн тархины суулгацыг амжилттай хийлгэсэн зургаа дахь сайн дурын оролцогч хагалгаанаас ердөө долоо хоногийн дараа компьютерийн курсорыг “бодлоороо” удирдаж, хэд хэдэн тоглоом тоглож чадсан талаараа мэдээллээ.
Тэрбээр Роб Грейнер нэртэй бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сард авто ослын улмаас хөл, гарын хөдөлгөөнийг бүрэн алдсан байна. Харин одоо Neuralink-ийн суулгацын тусламжтайгаар дахин “хөдөлж” эхэлжээ.
Тэрээр өөрийн X (хуучнаар Twitter) хуудсандаа тоглож буй хоёр бичлэг оруулж, зөвхөн тархины суулгацын тусламжтайгаар ямар ч нэмэлт технологи ашиглалгүйгээр зөөврийн компьютер дээр тоглож буйгаа харуулсан юм. Грейнер Neuralink-ийн баг, эмч нар болон гэр бүлийнхэндээ талархал илэрхийлжээ.
Neuralink-ийн хамгийн анхны өвчтөн Ноланд Арбоу 2024 оны нэгдүгээр сард суулгац хийлгэсэн бөгөөд тэрбээр мөн дөрвөн мөчний хөдөлгөөнгүй болсон ч компьютерийн хяналтыг бодлоороо хийж сурах эхний хүн болсон юм.
Шинэ технологи нь зөвхөн мэдрэлийн суулгацын тусламжтайгаар компьютер, ухаалаг утасны хяналтыг боломжтой болгож байгаад зогсохгүй, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст “хиймэл дуу хоолойгоор” харилцах боломж олгож байгаа нь онцлогтой. Жишээ нь, ALS (амиотрофийн хажуугийн склероз) өвчтэй нэгэн өвчтөн Neuralink ашиглан текст бичиж, түүнийг өөрийн дуут өнгөөр хэлүүлэх боломжтой болсон байна.
Түүнчлэн тус компани харааны бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан “BlindSight” нэртэй өөр нэг суулгацыг туршиж байгаа бөгөөд туршилтыг одоогоор сармагчин дээр хийж, хиймэл орчныг харах чадвартай болсныг таамаглаж байна. Уг суулгацын хүний дээрх туршилтыг 2026 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа ба АНЭУ-ын нэгэн эмнэлэг уг туршилтад оролцох сонирхлоо илэрхийлжээ.