Шинэ төхөөрөмжийн дэлгэц дээрх хальсыг шууд хуулж хаямаар санагддаг тэр мэдрэмж танил биз дээ? Гэвч шинэ Nintendo Switch 2 консолын хувьд энэ зуршлаа түр азнасан нь дээр. Учир нь дэлгэц дээрх хальс зүгээр нэг савлагааны наалт биш, харин гэмтэл гарах үед дэлгэц хагаран бутрах аюулаас хамгаалсан аюулгүйн давхарга юм.
NintendoSoup нэртэй фэн сайтад байршуулсан Switch 2-ийн Европын аюулгүйн гарын авлага дээр хэрэглэгчдийг уг хальсыг хуулж болохгүйг анхааруулсан байгаа. Энэ нь шинэ зүйл биш бөгөөд Switch OLED загварт мөн ийм хальс байсан. Гэсэн ч олон хэрэглэгч үүнийг анзаарахгүйгээр хуулж, төхөөрөмжид гэмтэл учруулж болзошгүй.
Иймэрхүү алдаа 2019 онд Samsung Galaxy Fold ухаалаг утасны анхны загварт ч гарч байсан. Анхны туршигчид дэлгэц дээрх хамгаалалтын давхаргыг хуулаад, утсыг эвдэлж байв.
Nintendo-ийн гарын авлагад бусад олон төрлийн зөвлөмж, анхааруулга багтсан. Зарим нь энгийн мэт санагдах ч хариуцлагаас сэргийлэх зорилготой. Жишээлбэл, “ойр орчныхоо нөхцлийг анхаар”, эсвэл “сүлжээ сонгохдоо холболтын нөхцөлийг анхаар” гэхчилэн. Мөн Switch 2-г тоос шороо ихтэй, утаатай эсвэл чийгтэй орчинд ашиглахгүй байхыг зөвлөсөн. Төхөөрөмжийг 5–35 хэмийн температурт ашиглах ёстой бөгөөд 6 сар тутамд дор хаяж нэг удаа цэнэглэх хэрэгтэй (тийм ээ, батерей тийм ч удаан цэнэгээ хадгалдаггүй).
Шинэ Joy-Con контроллерууд ч мөн өөрийн гэсэн анхааруулгатай. Тэдгээрийг ашиглахдаа бугуйны оосорыг заавал хэрэглэхийг зөвлөж байгаа нь төхөөрөмжөө санамсаргүйгээр телевизор руу шидчихгүйн тулд юм. Мөн Joy-Con дээр ямар нэгэн наалт наахгүй байх хэрэгтэй, учир нь энэ нь түүний соронзон холболтыг саатуулах эрсдэлтэй. Контроллерийг хулгана мэт ашиглах шинэ горимд зориулж Nintendo тусгай халтирахгүй дэвсгэр ашиглахыг ч зөвлөж байна. Энэ нь ширээн дээрх гадаргууг зурахаас хамгаална.
Шинэ үеийн тоглоомын консол болох Nintendo Switch 2 2025 оны 6-р сарын 5-наас олон нийтэд албан ёсоор худалдаанд гарна.