Nintendo Switch Lite-ийн том сул тал болох HDMI гаралтын боломжгүй байдлыг сонирхогчид өөрсдийн хүчээр шийдэж, гэрийн хэрэглээнд бүрэн тохирох түвшинд хүргэжээ.
Одоог хүртэл Nintendo Switch Lite нь хөнгөн, авсаархан загвараараа хэрэглэгчдийн анхаарлыг татсаар ирсэн ч HDMI оролтгүй учраас телевизор эсвэл том дэлгэцтэй холбох боломжгүй байсан нь түүний гол сул тал байв. Энэ нь олон тоглогчийг Lite хувилбараас татгалзах шалтгаан болж байсан. Харин Retro Remake нэртэй сонирхогчдын бүлэг энэ дутагдлыг шийдэж, Switch Lite-д OLED дэлгэц болон HDMI гаралт суурилуулсан SUPER5 OLED Touch HDMI нэртэй шинэ мод бүтээжээ.
Уг шинэчлэл нь илүү тод (600 нит), өндөр тодосгогч харьцаатай (600,000:1) OLED дэлгэц, шилэн мэдрэгчтэй самбар, HDMI гаралт зэргийг нэмсэн бөгөөд үүний ачаар 5.5 инчийн жижиг LCD дэлгэцээр хязгаарлагдахгүйгээр 1080p чанартай дүрсийг том дэлгэц дээр гаргах боломжтой болсон. Хамгийн гол нь энэ модыг суулгахын тулд гагнуур хийх шаардлагагүй — зөвхөн кабелийн холболт хэрэгтэй.
Retro Remake-ийн үүсгэн байгуулагч Таки Удон төслийн талаар хэлэхдээ:
“Тийм олон бүтэлгүйтсэн засваруудыг давж гарах нь ямар их уйтгартай байсныг би хэлж чадахгүй. Гурав дахь бүтэлгүйтлийн дараа би дараагийн хувилбар бүр амжилттай болно гэж найдаж байсан ч тийм зүйл болсонгүй.”
Төслийн ард нийт 18 сарын турш судалгаа, хөгжүүлэлт, хэд хэдэн амжилтгүй оролдлого, нийт 200 мянган ам.долларын зардал байсан тухай ч тэр онцолжээ. Өмнөх хувилбар болох SUPER5 OLED Touch нь зөвхөн OLED дэлгэцтэй байсан бол энэ удаагийн HDMI дэмждэг шинэчилсэн хувилбар нь илүү олон боломжийг нээж өгч байна.
Одоогоор SUPER5 OLED Touch HDMI мод нь туршилтын шатандаа явж байгаа бөгөөд хамгийн сүүлийн мэдээллээр уг модыг ашиглан том дэлгэц дээр Mario Kart зэрэг тоглоомуудыг амжилттай тоглож болох нь батлагдсан. Шинэчлэлийн иж бүрдэл нь 90 ам.доллараас эхэлж байгаа ч эхний ээлжийн бүтээгдэхүүнүүд аль хэдийн зарагдаж дууссан бөгөөд захиалга өгсөн хэрэглэгчдэд яг хэзээ хүргэгдэх нь тодорхойгүй хэвээр байна.
Nintendo Switch 2 ердөө нэг сарын өмнө худалдаанд гарсан энэ үед Lite хувилбарын хэрэглэгчид шинэ төхөөрөмж хүлээлгүйгээр өөрсдийн консолыг гэрийн хэрэглээнд тохирох, дээд түвшний хувилбар болгон сайжруулах боломжтой болжээ.