NVIDIA болон Carbon Robotics хамтран хогийн ургамал устгах өндөр технологийн робот бүтээлээ

нийтлэгч Содном Энхбаяр
NVIDIA болон Carbon Robotics хамтран хогийн ургамал устгах өндөр технологийн робот бүтээлээ

АНУ-ын Carbon Robotics компани NVIDIA-тай хамтран LaserWeeder G2 нэртэй хөдөө аж ахуйн дэвшилтэт төхөөрөмжийг танилцууллаа. Энэхүү робот нь 24 ширхэг өндөр хүчин чадлын лазер болон 24 NVIDIA GPU-ээр тоноглогдсон бөгөөд нэг минутанд 10,000, нэг цагт 600,000 хогийн ургамлыг ууршуулан устгах чадвартай гэнэ.

Хамгийн том загвар болох LaserWeeder G2 600 нь 6 метрийн өргөн талбайг хамарч ажилладаг бөгөөд тракторт холбож ашигладаг чиргүүл хэлбэртэй. Харин хамгийн жижиг загвар болох G2 200 нь минутанд 2,500 хогийн ургамал устгах боломжтой.

Шинжээчдийн хэлснээр энэхүү төхөөрөмж нь уламжлалт гар ажиллагаанаас 75 хүний хөдөлмөрийг орлохуйц бүтээмжтэй бөгөөд гербицидийн хэрэглээг эрс бууруулах ач холбогдолтой. NVIDIA-ийн хиймэл оюун ухааны дэмжлэгтэйгээр хогийн ургамлыг дэд миллиметрийн нарийвчлалтай таньж, тариалангийн ургамалд хор хөнөөл учруулахгүйгээр устгадаг байна.

Гэсэн хэдий ч LaserWeeder-ийн сул тал нь үнэ өндөртэй байж болзошгүй бөгөөд Carbon Robotics одоогоор албан ёсны үнийг зарлаагүй байна. Мөн хогийн ургамлыг лазераар устгах үед үндэс нь амьд үлдсэн тохиолдолд дахин нахиалах эрсдэлтэй гэсэн анхааруулгыг мэргэжилтнүүд өгчээ.

Тус төхөөрөмжийг ашигласнаар тариаланчид ургацын чанар, бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль орчинд хоргүй аргаар хогийн ургамалтай тэмцэх шинэ боломжтой болж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.