Түүхэн хөрөнгө оруулалтын гэрээ
Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани Nvidia хиймэл оюуны салбарын тэргүүлэгч OpenAI-д $100 тэрбумын хөрөнгө оруулалт хийж, дата төвүүдийг нь өндөр хүчин чадалтай хагас дамжуулагч чипээр хангах болсноо албан ёсоор зарлалаа.
Энэ нь зөвхөн хөрөнгө оруулалт бус, хиймэл оюуны технологийн хөгжлийн өрсөлдөөнд хүч нэмэх стратегийн түншлэл болж байна. Гэрээний дагуу OpenAI компани 2026 оны сүүлээс эхлэн шаардлагатай чипүүдээ Nvidia-аас бэлэн мөнгөөр худалдан авах бөгөөд үүнээс тусдаа хэлэлцээрээр Nvidia OpenAI-ийн хяналтын бус хувьцааны багцыг худалдан авахаар тохиролцжээ.
OpenAI-ийн өсөлт ба зах зээлийн үнэлгээ
ChatGPT-ийг хөгжүүлэгч OpenAI компани зах зээлийн үнэлгээгээрээ $500 тэрбумд хүрээд буй. Өмнө нь Nvidia 6.6 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байсан бол энэ удаагийн гэрээ нь илүү өргөн цар хүрээг хамарч байгаа юм.
Мөн 2023 онд Microsoft компани OpenAI-ийн ирээдүйн ашгийн 49 хувийг эзэмших гэрээ байгуулж, 13 тэрбум долларын хөрөнгө оруулалт татаж байв. Анх ашгийн бус байгууллага хэлбэрээр байгуулагдсан OpenAI өдгөө ашгийн төлөө бүтэц рүү шилжих ээдрээтэй замаа туулж байна.
Хамтын ажиллагааны ач холбогдол
Nvidia болон OpenAI-ийн стратегийн гэрээний хүрээнд хамгийн багадаа 10GW хүчин чадал бүхий дэд бүтэц байгуулах бөгөөд энэ нь ChatGPT болон бусад хиймэл оюуны платформын тооцооллын чадамжийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх юм.
OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэн энэ талаар:
“Бүх зүйл тооцоолох хүчин чадлаас эхэлдэг. Тооцоолуурын дэд бүтэц нь ирээдүйн эдийн засгийн үндэс суурь болох ба бид Nvidia-тай үүсгэсэн түншлэлээрээ хиймэл оюуны шинэ ололт амжилтуудыг бүтээж, хүмүүс болон бизнесийн байгууллагуудын чадавхыг улам нэмэгдүүлэх болно” гэж мэдэгдэв.
Nvidia-ийн зах зээл дэх байр суурь
Хиймэл оюуны хөгжлийн “тархи” болсон хагас дамжуулагч чипийн үйлдвэрлэлээр Nvidia өнөөдөр дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 4 их наяд долларт хүрээд байна. Саяхан тус компани санхүүгийн хүндрэлтэй байгаа Intel-д 5 тэрбумын хөрөнгө оруулалт хийснээ мөн зарласан билээ.