Өдөр тутмын амьдралыг хялбарчлах таван шилдэг хиймэл оюун ухааны хэрэгсэл

нийтлэгч Содном Энхбаяр
хиймэл оюун ухаан

Шинжлэх ухааны уран зөгнөл мэт байсан хиймэл оюун ухаан өнөөдөр бидний амьдралд жинхэнэ утгаараа нэвтэрч, өдөр тутмын олон үйлдлийг хялбаршуулж байна. Ажлын бүтээмж нэмэх, суралцах үйл явцыг хөнгөвчлөх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зэрэг олон чиглэлд ашиглаж болох шилдэг AI хэрэгслүүдийг PCWorld-ийн шинжээчид нэрлэжээ.

1. Adobe Photoshop – Зураг засварлах шинэ үе

2023 онд Adobe компани Photoshop програмдаа “Generative Fill” гэх AI технологийг нэвтрүүлсэн нь зурагнаас объект арилгах, шинээр нэмж оруулах процессыг текст бичих замаар гүйцэтгэх боломжийг олгосон. Энэ нь дизайнер, гэрэл зурагчдын ажлыг хэдэн дахин хөнгөвчилсөн юм. Мөн хувийн мэдээлэл бүхий хэсгийг дарж нуух, зурагны хүрээг гажуудалгүй тэлэх зэрэгт ашиглахад маш тохиромжтой.

2. PDFgear – Ухаалаг PDF засварлагч

PDFgear нь энгийн PDF засварлах боломжуудаас гадна хиймэл оюун ухааны тусламжтай чат-боттой. Энэхүү AI туслах нь баримтын утгыг тайлбарлаж, асуултад хариулах, өгөгдөл гаргаж авах, агуулга хураангуйлах зэрэг ухаалаг үйлдлүүдийг хийж чаддаг. Техникийн баримт, гарын авлагатай ажиллахад тун тохиромжтой хэрэгсэл.

3. ProWritingAid – Бичгийн ур чадварыг хөгжүүлэгч

ProWritingAid нь таны бичсэн текстийг задлан шинжилж, дүрмийн болон үг давталт, идэвхгүй хэлбэрийн хэрэглээг илрүүлэн засах зөвлөмж өгдөг. Уг хэрэгсэл нь зөвхөн тухайн бичвэрийг сайжруулаад зогсохгүй хэрэглэгчийн бичих чадварыг системтэйгээр дээшлүүлдэг тул оюутан, сэтгүүлч, зохиолч нарт онцгой тохиромжтой.

4. Microsoft 365 Copilot ба Designer – Оффисын ухаалаг туслахууд

Microsoft компани Word, PowerPoint зэрэг түгээмэл оффисын програмууддаа Copilot ба Designer гэх AI хэрэгслүүдийг нэмсэн. Эдгээр нь баримт бичгийн ноорог үүсгэх, танилцуулга автоматаар бэлтгэх зэрэг функцийг агуулсан. PowerPoint ашиглаж сураагүй байсан ч Copilot-ийн тусламжтайгаар мэргэжлийн танилцуулга богино хугацаанд гаргаж авах боломжтой.

5. ChatGPT – Бүх нийтийн AI туслагч

OpenAI компанийн бүтээсэн ChatGPT бол олон талын хэрэглээтэй хиймэл оюун ухаан юм. Энгийн асуултад хариулах, хичээлийн даалгавар боловсруулах, код тайлбарлах, текст засах гээд төрөл бүрийн зорилгод ашиглаж болно. Суралцагч, судлаач, ажил хэрэгч хүн бүхэнд тохирох энэхүү хэрэгсэл өнөөдөр дэлхий даяар хамгийн өргөн хэрэглээтэй AI-ийн нэг болоод байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.