OpenAI болон Oracle: 300 тэрбум ам.долларын түүхэн гэрээ

нийтлэгч Содном Энхбаяр
OpenAI болон Oracle: 300 тэрбум ам.долларын түүхэн гэрээ

Хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч “OpenAI” компани тооцооллын хүчин чадал ашиглах зорилгоор “Oracle” корпорацтай таван жилийн хугацаатай, 300 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ. Энэ тухай “The Wall Street Journal” сонин эх сурвалжуудын мэдээллийг иш татан мэдээлэв.

Гэрээний ач холбогдол

Энэхүү хэлцэл нь үүлэн тооцооллын зах зээлд хийгдсэн хамгийн том хэлэлцээрүүдийн нэг болж байна. “Oracle”-ын орлогын шинэ өсөлтийн гол хэсгийг “OpenAI”-тай байгуулсан энэхүү гэрээ бүрдүүлнэ гэж эх сурвалжууд онцолжээ. Гэрээний хэмжээ нь “OpenAI”-ийн өнөөгийн орлогын түвшнээс хэд дахин давсан дүн бөгөөд хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийг хангах дата төвүүдэд 4.5 гигаваттын эрчим хүч шаардагдана. Энэ нь ойролцоогоор дөрвөн сая өрхийн хэрэглээтэй тэнцэнэ.

Ларри Эллисоны хөрөнгийн огцом өсөлт

“Oracle” компанийн үүсгэн байгуулагч Ларри Эллисон энэхүү гэрээ болон компанийн хувьцааны үнийн өсөлтийн нөлөөгөөр хөрөнгийн хэмжээгээр Илон Маскийг ардаа орхиж, дэлхийн хамгийн баян хүнээр тодорлоо. “Bloomberg”-ийн мэдээлснээр, түүний хөрөнгө нэг өдрийн дотор 101 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 393 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин Илон Маскийн хөрөнгө 385 тэрбум ам.доллараар үнэлэгджээ. Энэ өсөлт нь “Bloomberg Billionaires Index”-т нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр нэмэгдэл болж үлдлээ.

Oracle-ийн санхүүгийн үзүүлэлтүүд

2026 оны санхүүгийн жилийн эхний улирлын тайлан нь компанийн хувьцааны ханшийг огцом өсгөсөн гол хүчин зүйл болжээ.

  • Орлого нь 12 хувиар өсөж 14.9 тэрбум ам.долларт хүрсэн.
  • Гэрээ хэлцэл болон захиалгын үүрэг (RPO) 359 хувиар нэмэгдэж, 455 тэрбум ам.доллар болсон.

Эдгээр үзүүлэлт нь “Oracle” үүлэн тооцооллын платформ дээр хиймэл оюун ухааны сургалттай холбоотой хэдэн тэрбум ам.долларын гэрээнүүд байгуулагдсантай шууд холбоотой юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.