Эрүүл мэндийн асуулт долоо хоногт 230 сая давдаг тул тусгай хэсэг гаргав
OpenAI ChatGPT-д эрүүл мэндийн сэдэвт зориулагдсан ChatGPT Health нэртэй шинэ хэсэг нээж байгаагаа албан ёсны вэбсайт дээрээ мэдээллээ. Тус компанийн өгүүлснээр хэрэглэгчид долоо хоног бүр 230 сая гаруй удаа эрүүл мэндийн асуултаар чатбот руу ханддаг болсон нь эмнэлгийн агуулгыг тусад нь хөгжүүлэх шийдвэрт хүргэсэн байна.
Шинэ хэсэг нь хэрэглэгчийн өмнө нь бий болсон мэдээлэл, хэрэглээний өгөгдлийг харгалзан үзэж ажиллах бөгөөд илүү нарийвчилсан зөвлөмж авахын тулд Apple Health, Function, MyFitnessPal зэрэг үйлчилгээг холбох боломжтой гэж дурджээ. Ингэснээр хэрэглэгч өөрийн үзүүлэлт, дадал зуршлын мэдээлэл дээр тулгуурлан асуулт тавих, зөвлөгөө авах нөхцөл бүрдэхээр байна.
Онош, эмчилгээний хэрэгсэл биш, харин өдөр тутмын бэлтгэл ба хяналтад чиглэнэ
OpenAI-ийн онцолж буй гол байр суурь нь ChatGPT Health нь онош тавих, эмчилгээ заах зориулалтгүй. Харин өдөр тутмын эрүүл мэндийн асуудлыг ойлгох, эрүүл мэндийн хэв маягаа хянах, эмчид үзүүлэхдээ илүү сайн бэлтгэгдэхэд туслах хэрэгсэл гэж тайлбарлажээ. Үүний хүрээнд ChatGPT нь үзлэгт орохын өмнө асуух зүйлсээ цэгцлэх, хэмжилт үзүүлэлтүүдийг тайлбарлан дүгнэх, хоол тэжээлийн чиглэлийн мэдээлэл өгөх зэрэгт ашиглагдана гэж мэдээлсэн байна.
ChatGPT Health-ийг 260 эмчтэй хамтран боловсруулсан бөгөөд компанийн мэдээллээр мэдрэлийн сүлжээний талаар 600,000 гаруй тойм цуглуулжээ. Одоогоор уг функц хязгаарлагдмал хэрэглэгчдэд нээгдсэн бөгөөд ашиглахыг хүссэн хүмүүс хүлээлгийн жагсаалтад бүртгүүлэх боломжтой байна.