Остин Мажор 2025 эхэллээ: The MongolZ ба Chinggis Warriors түүхэн өрсөлдөөнд хүч үзнэ

нийтлэгч Содном Энхбаяр
Остин Мажор 2025

2025.06.03 | Цахим спорт

Цахим спортын ертөнцийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох BLAST.tv Austin Major 2025 өнөөдөр, зургаадугаар сарын 3-нд АНУ-ын Остин хотод албан ёсоор эхэлж байна. Энэхүү тэмцээн нь Counter-Strike 2 хувилбар дээр зохиогдож буй гурав дахь, нийтдээ 22 дахь удаагийн Мажор тэмцээн юм.

Энэ удаагийн Мажорт анх удаа Монгол Улсаас хоёр баг зэрэг оролцож байгаагаараа онцлог бөгөөд дэлхийн шилдэг 32 багийн дунд The MongolZ болон Chinggis Warriors багууд хүчээ сорихоор болж, түүхэн үйл явдлыг бүтээж байна.

Тэмцээнийг BLAST.tv болон Valve хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад шинэ бүтэц, өргөтгөсөн багийн бүрэлдэхүүнтэйгээр, гурван шат бүхий швецарь системээр явагдаж байна. Эхний шатны тоглолтууд Best of 1, шийдвэрлэх шат болон хасагдах шатны тоглолтууд Best of 3 форматаар зохион байгуулагдана. Шат болгонд найман баг цааш шалгарах бол үлдсэн найман баг тэмцээнээ өндөрлүүлэх юм. Плейофф шат шууд хасагдах байдлаар явагдаж, гуравдугаар байрны төлөө тоглолт явагдахгүй.

Дэлхийн чансаагаар дөрөвдүгээрт бичигдэж буй The MongolZ баг гуравдугаар шатнаас шууд оролцох эрхтэй болсон. Тус багийн ивээн тэтгэгчээр олон улсын спортын бооцооны компани 1xBet ажиллаж байгаа бөгөөд багийн бэлтгэл, сургуулилт өндөр түвшинд хийгдсэн байна.

Харин анх удаа Мажорт шалгарсан Chinggis Warriors баг тэмцээний эхний шатнаас өрсөлдөх бөгөөд тэд өнөөдөр дэлхийн хүчирхэг багуудын нэг Heroic-тэй тоглоно. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар 23:00 цагт эхлэх юм.

BLAST.tv Austin Major 2025 тэмцээн зургаадугаар сарын 22-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд нийт шагналын сан 1.25 сая ам.доллар. Аваргын баг 500 мянган доллар, хоёрдугаар байр 170 мянган долларын шагнал хүртэнэ. Сонирхолтой нь, сүүлийн таван Мажорт таван өөр баг түрүүлсэн нь энэ удаад шинэ аварга төрөх боломжийг улам нэмэгдүүлж байгаа юм. Гол фаворитоор Vitality баг нэрлэгдэж байгаа бөгөөд тэд 2025 онд зургаан том тэмцээнд түрүүлээд байна.

Тоглолтуудыг зөвхөн ESN – eSports Network-ийн YouTube суваг болон Premier Sports Network 5 сувгаар шууд үзэх боломжтой. Монголын хоёр баг анх удаа Мажорт зэрэг оролцож, дэлхийн тавцанд нэрээ дуурсгах агшинд та ч мөн хамт байж, багуудаа дэмжээрэй.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.