Казахстаны Астана хотноо өнөөдөр /2025.05.10/ “CS2” төрлийн “PGL Astana 2025” тэмцээн эхэллээ. 625,000 ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас The MongolZ баг чансаагаараа нэр дэвшин оролцож байна.
Энэ удаагийн тэмцээнд 2025 онд дийлдэшгүй тоглолт үзүүлж буй Францын “Vitality” баг оролцохгүй байгаа нь өрсөлдөөнд шинэ хандлага авчирч, The MongolZ-ийг түрүүлэх гол өрсөлдөгчдийн нэг болгон онцолж байна.
Тэд тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр 16:00 цагаас Бразилын FURIA багийн эсрэг хийх бөгөөд хоёр баг өмнө нь дөрвөн удаа учраа таарахад Монголын баг гурван удаа ялалт байгуулж, хамгийн сүүлд “PGL Bucharest 2025” тэмцээнд 2-0 харьцаатай илт давуу хожсон түүхтэй.
Гэсэн хэдий ч энэ амжилтын цаана багийн ирээдүйтэй холбоотой эргэлзээтэй таамгууд нэмэгдэж байгаа талаар өнөөдөр тэмцээний шууд дамжуулалтын үеэр Энэтхэгийн алдарт тайлбарлагч, аналист “Bleh” буюу Судхен Вахенбам анхаарал татсан мэдэгдэл хийжээ.
“Би өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт болсон MESA Nomadic Masters арга хэмжээнд оролцоод Астанад ирсэн. Монголд шинэ, авьяастай тоглогчид маш их байна. Хэрвээ The MongolZ Остин Мэйжорт амжилт гаргаж чадахгүй бол бүрэлдэхүүнд нь өөрчлөлт орох магадлал өндөр. Ялангуяа Techno4k-ийн тухайд хэлэх зүйл их байна. Би түүнийг үргэлж өмгөөлж ирсэн, мөн Blitz-тэй хамт сүүлийн 3–4 жил тэднийг дэмжсэн. Гэхдээ тоглолт нь сайжрахгүй, харин ч муудаж байна. Миний бодлоор The MongolZ одоо бүрэлдэхүүний өөрчлөлтийн ирмэг дээр ирчихээд байна. Бүхнийг Остин Мэйжорын үр дүн л шийднэ” хэмээн Bleh хэлсэн байна.
Монголын багийн хувьд хамгийн сүүлд 2024 оны арваннэгдүгээр сард олон улсын тэмцээнд түрүүлсэн ч түүнээс хойш тогтмол амжилт үзүүлэхэд хүндрэлтэй байгаа нь сүүлийн үеийн шүүмжлэлийн гол шалтгаан болоод байгаа билээ.
Мөн тэмдэглэхэд, The MongolZ багийн албан ёсны ивээн тэтгэгч нь 1xBet бөгөөд тус байгууллага Монголын esports-ийн хөгжлийг дэмжин хамтран ажиллаж байна.