Польшийн инженер хиймэл оюуныг ялж, программчлалын дэлхийн аварга болов

нийтлэгч Содном Энхбаяр
Польшийн инженер хиймэл оюуныг ялж, программчлалын дэлхийн аварга болов

Японы нийслэл Токио хотод зохион байгуулагдсан программчлалын хамгийн нэр хүндтэй уралдаан болох “AtCoder World Tour 2025”-ын финалын шатанд Польшийн программ зохиогч Пшемыслав “Psyho” Дембяк хиймэл оюуныг ялж дэлхийн аваргын титмийг хүртлээ.

Энэхүү тэмцээний онцлог нь шилдэг 12 программ зохиогчоос гадна анх удаа “OpenAI” компанийн бүтээсэн хиймэл оюуны “OpenAIAHC” нэртэй загвар оролцсон явдал байв. 10 цагийн турш үргэлжилсэн финалын шатанд Дембяк хиймэл оюунаас 9.5 хувиар илүү оноо авч тэргүүн байрт шалгарчээ.

Тэмцээний зохион байгуулагч Йоичи Ивата тэмцээний үр дүнгийн талаар “Хиймэл оюун тооцооллыг маш сайн гүйцэтгэсэн ч бүтээлч байдал дээр ялагдсан” хэмээн дүгнэсэн байна. Дембяк хьюристик дүн шинжилгээ, зөн мэдрэмж, дасан зохицох стратеги ашиглан хиймэл оюуныг стандарт бус аргаар хожсон нь ялалтад хүргэсэн гол хүчин зүйл болсон байна.

Финалын даалгавар нь 30×30 хэмжээтэй торон талбайн дагуу роботын хөдөлгөөний хамгийн оновчтой маршрутыг боловсруулах байв. Энэ нь бүх боломжит хувилбарыг шалгаж үзэх боломжгүй нарийн төвөгтэй даалгавар тул оновчтой шийдлийг хурдан гаргаж чадсан оролцогч л түрүүлэх нөхцөл бүрдэж байлаа.

42 настай Дембяк өмнө нь “OpenAI” компанид инженерээр ажиллаж байсан бөгөөд алдарт “Dota 2” тоглоомд зориулсан хиймэл оюуны “OpenAI Five” загварыг хөгжүүлэх багт оролцож байжээ. Тэрээр энэ удаагийн финалд хиймэл оюуныг даван гарч чадсан нь бүх хүч чадлаа дайчилсны үр дүн гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Тэмцээний ялагч 500 мянган иен буюу 3000 ам.долларын шагнал хүртжээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.