Qi2 25W: Ухаалаг утаснууд илүү хурдан утасгүй цэнэглэгдэнэ

нийтлэгч Содном Энхбаяр
Qi2 25W: Ухаалаг утаснууд илүү хурдан утасгүй цэнэглэгдэнэ

Qi утасгүй цэнэглэгчийн хамгийн сүүлийн хувилбар болох Qi2 25W стандарт тун удахгүй iPhone болон голлох Android ухаалаг утаснуудад ашиглагдаж эхэлнэ. Өмнө нь Qi2.2 нэртэй байсан энэхүү шинэчлэгдсэн хувилбар одоо цэнэглэх хурд буюу 25 ватт хүчин чадлыг нэрэндээ шууд тусгасан “Qi2 25W” гэх тодотголтой болжээ.

Шинэ стандартын хамгийн гол давуу тал бол өмнөх Qi2 платформоос 66 хувиар илүү хурдан цэнэглэлт үзүүлэх чадвартай болсон явдал юм. Wireless Power Consortium (WPC)-ийн Гүйцэтгэх захирал Пол Струхсэйкер “Qi2 25W-ийн гайхалтай хурдан, үр ашигтай утасгүй цэнэглэлт нь хэрэглэгчдийн хэрэгцээг нэмэгдүүлж, энэ шинэ стандартыг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхэд түлхэц болно” хэмээн онцолжээ.

Apple-ийн хувьд өмнөх үеийн загваруудаас эхлэн Qi2 стандартыг дэмжиж ирсэн тул Qi2 25W-г ашиглахаар болсон нь гайхмаар мэдээ биш ч, баярлууштай өөрчлөлт юм. Харин ихэнх Android ухаалаг утаснууд өмнө нь Qi2 стандартаар баталгаажуулагдаж байгаагүй тул энэхүү өөрчлөлт нь тус платформын хувьд томоохон ахиц болж байна. Зарим Android төхөөрөмжүүд Qi2-ийг дэмжих боломжтой байсан ч, ихэнхдээ тусгай соронзон кейс шаардагддаг байв.

Qi2 25W стандарт нь зөвхөн ухаалаг утсанд зориулагдаагүй. Хэд хэдэн цахилгаан банк, цэнэглэгч төхөөрөмжүүдийг энэ оны долдугаар сард албан ёсоор баталгаажуулжээ. Тус стандарт анх “Qi2.2” нэртэйгээр 4-р сард зарлагдаж байсан бөгөөд одоо хэдэн зуун төхөөрөмж Qi2 25W баталгаажуулалтын дараалалд хүлээгдэж байгааг Wireless Power Consortium мэдээлсэн байна. Гэхдээ яг ямар Android утаснууд баталгаажуулалтад байгаа талаар одоогоор мэдээлэл өгөөгүй байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.