Samsung Galaxy Ring 2 хөгжүүлэлтийн эхний шатандаа яваа нь батлагдлаа!

нийтлэгч Содном Энхбаяр
Samsung Galaxy Ring 2

Samsung компани анхны ухаалаг бөгж болох Galaxy Ring-нийхээ үргэлжлэл болсон Galaxy Ring 2 загварын хөгжүүлэлтийг эхлүүлсэн тухай GalaxyClub мэдээллээ. Гэсэн ч хоёрдугаар үеийн энэхүү төхөөрөмж одоогоор зөвхөн хөгжүүлэлтийн эхний шатандаа байгаа тул 2025 онд гарна гэсэн найдлага бага байна. Үүний оронд Galaxy Ring 2 нь магадгүй Galaxy S26 цувралын хамтаар эсвэл түүнээс хойш танилцуулагдаж болзошгүй.

Ухаалаг бөгжний шинэ хувилбар хойшлогдох нь тийм ч гайхмаар зүйл биш юм. Утаснаас ялгаатай нь, бөгжний хэмжээ бага учраас шинэчлэх боломжтой бүрдэл хэсгүүд хязгаартай. Samsung энэ удаад бүрэн шинэ дизайн гаргахаас илүүтэйгээр бага багаар сайжруулах стратегийг баримталж байгаа бололтой. Тус компани илүү нимгэн хийц, мэдрэгчийн нарийвчлалын сайжруулалт, мөн батарейны ажиллагааны хугацааг уртасгах дээр анхаарч байгаа тухай мэдээлэл байна.

Мөн өмнө нь бүртгүүлсэн патентууд нь ирээдүйн Galaxy Ring загварууд нь уян хатан хийцтэй байж болохыг илтгэж байна. Ингэснээр мэдрэгчүүд хурууны хэлбэрт илүү нарийвчлалтай таарч, эрүүл мэндийн хяналтыг илүү үнэн зөв гүйцэтгэх боломж бүрдэх юм. Нэмж дурдахад, шинэ патент нь тус бөгжийг гарын хөдөлгөөнөөр бусад төхөөрөмжүүдийг удирдах боломжтой “gesture-based” оролтын хэрэгсэл болгон хувиргах хөгжүүлэлт явагдаж буйг харуулжээ. Энэ нь хэрэглэгчид зөөврийн компьютер, таблет гэх мэт төхөөрөмжүүдийг зүгээр л гар хөдөлгөж удирдах боломжийг олгож, Galaxy Ring-ний хүрээний хэрэглээг эрүүл мэндийн хяналтаас цааш тэлэх юм.

Samsung-ийн ирээдүйн бөгжний хувьд батарейн технологи чухал үүрэг гүйцэтгэж болзошгүй. Солонгосын “Money Today” сонинд мэдээлснээр, Samsung нь литий-ион батарейнаас өндөр нягттай (360 Вт·цаг/литр) хатуу төлөвт батарей хөгжүүлж байгаа аж. Хэрэв энэхүү технологи бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хуваарьтай уялдаж чадвал Galaxy Ring 2 загвар энэхүү шинэ батарейг ашиглах анхны төхөөрөмж болох боломжтой юм. Ингэснээр төхөөрөмжийн хэмжээ өөрчлөгдөхгүйгээр батарейн хугацаа мэдэгдэхүйц уртсах боломжтой.

Одоогийн байдлаар Samsung компани Galaxy Ring 2-ын талаар ямар ч албан ёсны мэдээлэл өгөөгүй бөгөөд төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, хийц, онцлог шинжүүд ил болоогүй байна. Цорын ганц хийгдсэн алхам бол Galaxy S25 Edge-тай холбоотой сурталчилгааны хүрээнд Өмнөд Солонгост хязгаарлагдмал тоогоор хар титанаар бүрсэн Galaxy Ring хувилбарыг гаргасан явдал юм.

Мэдүүштэй зүйл: Lenovo мөн 10 хоногийн баттай ажиллагаатай шинэ ухаалаг цаг танилцуулжээ.

Samsung ухаалаг бөгжний шинэ загвар гаргах тал дээр яарахгүй байгаа бололтой. Утаснаас ялгаатай нь, ийм төрлийн зүүж хэрэглэдэг төхөөрөмжүүд жил бүр шинэчлэх шаардлагагүй бөгөөд харин тэдгээрийн техник хангамж, экосистемийг гүнзгийрүүлэн сайжруулах нь илүү үр дүнтэй. Хэрэв Galaxy Ring 2 нь эрүүл мэндийн хяналтыг илүү нарийн гүйцэтгэж, батерейны ашиглалтын хугацааг уртасгахын сацуу тав тухтай байж чадвал Samsung энэхүү өсөлттэй зах зээл дээр тэргүүлэх байр сууриа бататгаж чадна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.