Samsung Galaxy S26-д AI-контентын тэмдэглэгээ нэвтрүүлнэ

нийтлэгч Содном Энхбаяр
Samsung Galaxy S26-д AI-контентын тэмдэглэгээ нэвтрүүлнэ

Samsung Galaxy Unpacked арга хэмжээний үеэр Galaxy S26 цуврал ухаалаг утас болон Galaxy AI-ийн шинэ боломжуудыг танилцуулсан. Шинэчлэлүүдийн нэг нь зурагтай ажиллах горимд чиглэж байгаа бөгөөд хиймэл оюунд суурилж үүсгэсэн (AI-generated) бүх фото автоматаар тэмдэглэгээ авах юм.

Galaxy S26-д фото засвар, AI-редакт зэрэгтэй холбоотой бүх хэрэгслийг шинэ Creative Studio орчинд нэгтгэсэн. Энэ орчинд гаднын апп ашиглахгүйгээр нэг л дотор:

  • зураг авах,
  • засварлах,
  • сайжруулах,
  • шинээр контент үүсгэх
    боломжтой болж байна.

Жинхэнэ камераар авсан зураг дээр фотореалист, гэхдээ бүрэн хиймэл объект нэмж оруулах боломж нь буруугаар ашиглагдах эрсдэл дагуулна. Samsung ийм эрсдэлийг бууруулахын тулд AI-элемент агуулсан бүх зурагт апп дотор тусгай тэмдэглэгээ (AI-generated content) автоматаар байрлуулна гэж мэдэгдэв.

Тус тэмдэг нь зургийн доод буланд харагдаж, контент AI-аар үүсгэгдсэн эсвэл AI-гаар засварлагдсан болохыг заана. Ийм алхам нь худал мэдээлэл түгээх, deepfake контент ашиглан хүмүүсийг төөрөгдүүлэх, дарамт шахалт үзүүлэх эрсдэлийг бууруулахад тус дөхөм гэж үзэж байна.

Гэхдээ одоогоор энэ нь зөвхөн нүдэнд харагдах усан тэмдэг үү, эсвэл түүнээс цааш давхар хамгаалалттай эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв зөвхөн харагдах тэмдэглэгээ байвал зураг тайрах, хэсэгчлэн засах замаар маркерийг арилгах боломж үлдэнэ. Өмнөх Galaxy AI хувилбаруудаар AI-усан тэмдгийг хэрхэн устгах талаар интернетэд аль хэдийн заавар, лайфхакууд гарсан байдаг.

Бусад генератив AI хэрэгслүүд, тухайлбал OpenAI-ийн Sora, Google-ийн Veo 3 зэрэг нь мөн зурганд усан тэмдэг нэмж байна. Ялангуяа видео контентын хувьд энэ тэмдэглэгээг бүрэн арилгах нь төвөгтэй. Хамгийн оновчтой шийдэл гэж тооцогдож буй нь Google-ийн SynthID шиг нүдэнд үл харагдах дижитал маркер ашиглах арга юм.

Samsung Galaxy AI-д Google-ийн Gemini моделийг өөрийн Nano Banana зураг үүсгэгчтэй хамтатган ашиглаж, AI контент үүсгэж байна. Гэхдээ AI-гаар үүсгэсэн фото нь SynthID-тэй төстэй, автоматаар шалгах боломжтой үл харагдах маркер дагалдах эсэхийг компани одоогоор тодруулж хэлээгүй байна.

Гэсэн ч AI-зургийг автоматаар тэмдэглэх нь deepfake болон манипулятив контентийн болзошгүй хор уршгийг бууруулах чиглэлд бодит, практик алхам гэж үзэж болно. Өргөн хэрэглээний ухаалаг утсан дээр AI-контент автоматаар таглагддаг байх нь цаашид мобайл салбарын шинэ стандарт болох үндэс суурийг тавьж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.