Самсунг компани Теслатай 16.5 тэрбум долларын үнэтэй чип үйлдвэрлэлийн гэрээ байгууллаа

нийтлэгч Содном Энхбаяр
Самсунг компани Теслатай 16.5 тэрбум долларын үнэтэй чип үйлдвэрлэлийн гэрээ байгууллаа

Өмнөд Солонгосын технологийн гигант “Samsung” компани АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla”-д зориулсан бичил схемийн бүрдэл хэсгүүдийг үйлдвэрлэх урт хугацааны гэрээ байгуулсан талаар Bloomberg агентлаг мэдээлжээ.

Уг гэрээ нь нийт 16.5 тэрбум ам.долларын өртөгтэй бөгөөд 2033 он хүртэл хүчин төгөлдөр байх юм. Энэхүү түүхэн гэрээгээр Samsung компани Tesla-гийн ирээдүйн автомашинууд болон хиймэл оюун ухаанд суурилсан системүүдэд зориулсан чипүүдийг үйлдвэрлэх үүрэг хүлээжээ.

Samsung компанийн хувьд сүүлийн жилүүдэд бичил чипийн зах зээлд гол өрсөлдөгч болох Тайванийн TSMC компанид байр сууриа алдсаар байгаа. Тэд эрэлт өндөртэй зах зээлд хангалттай хэмжээний захиалга татаж чадахгүй байгаа бөгөөд энэ нь хүчин чадлын бүрэн ашиглалтад сөргөөр нөлөөлж байв.

Харин Tesla-тай байгуулсан энэхүү стратегийн түншлэл нь Samsung-ийн хувьд дахин өрсөлдөөний тэргүүн эгнээнд гарах боломжийг олгож байгаа юм. Нөгөөтэйгүүр, TSMC нь ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ гэрээт хугацаанд хүргэлтээ гүйцэтгэж чадахгүйд хүрч, томоохон үйлчлүүлэгчдийн итгэлийг алдаж байгааг салбарын шинжээчид онцолж байна.

Мөн хоёр компани 2 нанометрийн хэмжээтэй хэт нарийн бичил чип үйлдвэрлэх технологид зэрэг бэлтгэж буй бөгөөд энэ нь ирээдүйн өндөр хүчин чадалтай, эрчим хүчний хэмнэлттэй төхөөрөмжүүдийн гол бүрдэл болох хүлээлттэй байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.