2025 оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцуулсан Самсунг компанийн гол санхүүгийн үзүүлэлтүүд мэдэгдэхүйц буурч, олон нийт, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татлаа. Үйл ажиллагааны ашиг 4.7 их наяд вон болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг 50 хувиар, энэ оны эхний улирлаас ч үлэмж хэмжээгээр буурсан байна. Цэвэр ашиг ч мөн 5.1 их наяд вон болж буурчээ. Тус компанийн нийт орлого 74.5 их наяд вон болсон нь улирлын өмнөх үзүүлэлтээс 4.6 их наядаар бага байгаа юм.
Эдгээр тоо баримт эцсийн байдлаар аудит хийгдээгүй ч, урьдчилсан байдлаар гаргасан энэхүү тайлан Самсунг дотоод сорилтуудаас гадна, зах зээлийн ерөнхий уналтыг илтгэж байгаа гэж шинжээчид тайлбарлаж байна. Intel, LG Electronics зэрэг салбарын бусад томоохон тоглогчдын ч ашгийн уналт үүнтэй давхцаж буй.
Компанийн хамгийн чухал нэгжүүдийн нэг болох санах ой, хагас дамжуулагчийн үйлдвэрлэл багтсан Device Solutions хэлтэс ноцтой уналтад орсон бөгөөд ашиг нь 0.4 их наяд вонд хүрч буурсан байна. Гэхдээ орлого нь 11 хувиар өссөн нь анхаарал татаж буй. Үүний гол шалтгаан нь Хятадад хиймэл оюун ухаант чип экспортлох хязгаарлалт, мөн үйлдвэрлэлийн шугамын элэгдлээс үүдэлтэй нөөцийн дахин үнэлгээ зэрэгтэй холбоотой байна.
Харин Mobile eXperience болон Mobile Networks нэгтгэсэн MX/NW хэлтэс нь орлого, ашгийн хувьд хоёр оронтой өсөлт үзүүлж, жилийн өмнөхөөс илүү амжилт гаргажээ. Samsung Display Corporation (SDC) шинэ гар утас, IT болон автомашины хэрэглээнд тулгуурлан өсөлт үзүүлсэн бол Harman брэнд нь аудио бүтээгдэхүүний борлуулалт, зардлын хэмнэлтээр ашиг орлогоо өсгөж чадсан байна.
Гэсэн ч улирлын өмнөх шинэ загваруудын нөлөө буурсан тул ухаалаг гар утасны нийлүүлэлт буурсан байна. Гэсэн ч Galaxy S25, A цуврал болон таблетууд жил тутам өсөлт үзүүлсээр байна. Харин дээд зэрэглэлийн дэлгэцийн сегментэд ашиг бууралт ажиглагдсан нь зах зээлийн ширүүн өрсөлдөөнтэй холбоотой.
Тус компани ойрын хугацаанд дараах стратегийг хэрэгжүүлэхээр зорьж байна:
- Exynos процессорын өрсөлдөх чадварыг сайжруулах
- 2нм GAA архитектурт суурилсан чип үйлдвэрлэлийг эхлүүлэх
- Дэвшилтэт мэдрэгч борлуулалтыг нэмэгдүүлэх
- Хиймэл оюун ухааныг таблет, ухаалаг бугуйвч зэрэг төхөөрөмжид нэвтрүүлэх
- XR төхөөрөмж, эвхэгддэг TriFold загвар зэрэг шинэ хэлбэрийн шийдлүүдийг хөгжүүлэх
АНУ-ын худалдааны тарифын нөлөөлөл нь Harman болон Visual Display/Digital Appliances зэрэг нэгжүүдэд тодорхой дарамт үзүүлэх төлөвтэй байгаа ч, Самсунг нь дэлхий даяарх үйлдвэрлэлийн баазаа ашиглан сөрөг нөлөөллийг бууруулах бодлого баримталж байна.