Хятадын их сургуулийн баг тойрог замд утасгүй BCI ажиллуулжээ
БНХАУ-ын Шаньси мужийн Шиань хот дахь Баруун хойд техникийн их сургууль (NPU)-ийн судалгааны баг дэлхийд анх удаа сансрын тойрог замд утасгүй, суулгац хэлбэрийн тархи-компьютерын интерфэйс (BCI) төхөөрөмжийг туршсан тухай мэдээлэв.
Төхөөрөмжийг 12-р сард тойрог замд илгээж, тасралтгүй дохио бүртгэсэн байна
Чан Хунлон, Жи Бовэнь нарын удирдсан судлаачид өнгөрсөн оны 12 дугаар сард уг төхөөрөмжийг туршилтын платформоор тойрог замд хүргэжээ. Сансрын орчинд ажилласан систем нь хүний биеийн шингэнтэй төстэй орчинд тархины цахилгаан бичлэгийн дохиог тасралтгүй бүртгэж, төхөөрөмжийн ажиллагааны чадвар болон гаднын нөлөөг даах түвшний талаар чухал өгөгдөл цуглуулсан байна.
Бичил татах хүч тархинд хэрхэн нөлөөлөхийг судлах боломж нээгдэв
Туршилтын үр дүн нь сансрын бичил татах хүч тархины үйл ажиллагаанд ямар өөрчлөлт үүсгэдгийг илүү нарийвчлалтай судлах шинэ боломжийг бий болгож байна. Энэ чиглэлийн судалгаа нь урт хугацааны сансрын нислэг хийж буй сансрын нисгэгчдийн тархины эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлийг эрт илрүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж үзжээ.
Уян хатан электрод тархины гадаргууг гэмтээлгүй дохио авах нөхцөл бүрдүүлжээ
Судалгааны баг тархины зөөлөн эдийн хөдөлгөөн, хэлбэрийн өөрчлөлтөд зохицон хувирдаг уян хатан электродын багцыг зохион бүтээсэн байна. Ингэснээр тархины гадаргууг гэмтээх эрсдэлийг бууруулж, өндөр чанартай дохио хүлээн авах боломж нэмэгдсэн гэж тайлбарлав.
Бат бөх чанар, MRI орчинд ажиллах чадварыг давхар баталсан байна
Туршилтаар шинэ төхөөрөмжийн бат бөх байдал нь ердийн металл электродуудтай харьцуулахад хэдэн зуу дахин илүү болохыг нотолсон гэж мэдээлжээ. Мөн уг систем нь соронзон резонансын дүрс оношилгоо (MRI)-ны хүчтэй орчинд ч ажиллагаагаа хадгалах боломжтой нь тогтоогдсон байна.
Хятад улс BCI технологийг бодлогоор дэмжиж, зах зээлд нэвтрүүлэх зорилт тавьжээ
БНХАУ-ын Засгийн газар тархи-компьютерын интерфэйсийн технологийг тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэлийн жагсаалтад оруулж, бодлогоор дэмжиж буйг онцолсон байна. Өнгөрсөн оны 8 дугаар сард Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас гаргасан удирдамжид тус технологийг ирэх он гэхэд үйлдвэрлэл, эрүүл мэнд, өргөн хэрэглээний зах зээлд нэвтрүүлэх, 2030 он гэхэд аюулгүй, найдвартай аж үйлдвэрийн экосистем бүрдүүлэх зорилтыг тусгасан гэжээ.
2 сэтгэгдэл
Шинжлэх ухаан үнэхээр хурдтай хөгжиж байна аа
Ирээдүйд ийм технологи олон хүнд тус болох байх