Сансарт баригдах анхны дата төвд NVIDIA-ийн чипийг ашиглана

нийтлэгч Содном Энхбаяр
Сансарт баригдах анхны дата төвд NVIDIA-ийн чипийг ашиглана

Сансрын орчинд анхны дата төвийг байгуулах “Starcloud” гарааны компанид NVIDIA технологийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ. Тус компани “Rendezvous Robotics”-той хамтран хиймэл оюуны тооцооллын зориулалттай, нарны эрчим хүчээр ажиллах аварга хэмжээний дата төвийг сансарт байгуулахаар төлөвлөж байна.

Нарны эрчим хүчээр ажиллах 5 гигаваттын хүчин чадалтай төв

Төслийн хүрээнд 5 гигаваттын хүчин чадалтай тооцоолох систем бий болгох бөгөөд үүнд NVIDIA H100 график процессорууд ашиглагдана. Эдгээр процессорууд нь мэдрэлийн сүлжээ, хиймэл оюуны сургалт, томоохон тооцооллын үйлдлүүдэд зориулсан хамгийн хүчирхэг шийдэл юм.

“Starcloud” компанийн төлөвлөгөөгөөр анхны хиймэл дагуулыг энэ оны арванхоёрдугаар сард сансарт хөөргөх бөгөөд энэ нь хиймэл оюуны зориулалттай сансрын дата дэд бүтцийг байгуулах анхны бодит алхам болох аж.

Роботууд өөрийгөө угсрах технологи ашиглана

Төслийн гол бүрэлдэхүүн хэсэг болох “Rendezvous Robotics”-ийн автономит роботууд нь MIT Media Lab-ийн TESSERAE судалгааны төслийн үргэлжлэл юм. Эдгээр модулиуд тус бүрдээ батарей, процессор, соронз бүхий жижиг тавцан хэлбэртэй бөгөөд сансарт хөөрсний дараа өөрийгөө угсарч, нэгтгэгдэн цогц бүтцийг бий болгох чадвартай.

NASA өмнө нь ижил төстэй туршилт хийж байсан ч бодит дата төвийн түвшинд анх удаа хэрэгжүүлэх гэж буй нь энэ юм.

4 км² талбай бүхий аварга байгууламж

“Starcloud”-ийн мэдээлснээр, ирээдүйн дата төв нь 4 хавтгай дөрвөлжин километр талбайд байрлах бөгөөд нарны болон хөргөлтийн хавтангуудаар тоноглогдоно. Энэ нь Олон улсын сансрын станцын нарны хавтангаас 20 мянга дахин том хэмжээтэй юм.

Ийм төрлийн төслүүдийг хэрэгжүүлэх гол шалтгаан нь хиймэл оюуны хөгжлийн хурд дэлхийн дата төвүүдийн хүчин чадлыг давж эхэлсэнтэй холбоотой. Мөн дэлхий дээр байрлах дата төвүүд их хэмжээний эрчим хүч хэрэглэж, экосистемд ачаалал өгдөг бол сансарт байрлах төвүүд нарны эрчим хүчийг хязгааргүй ашиглаж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх давуу талтай.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.