Consumer Reports Microsoft-д шаардлага хүргүүлэв
Бие даасан ашгийн бус байгууллага болох Consumer Reports Microsoft компанийн Гүйцэтгэх захирал Сатья Наделлад албан бичиг илгээж, 2025 оны аравдугаар сарын 14-нөөс хойш Windows 10-д үнэгүй дэмжлэг үзүүлэх хугацааг сунгахыг уриалжээ. Тус байгууллага аюулгүй байдлын шинэчлэлт зогссоноор “олон сая хэрэглэгчдийг харанхуйд үлдээх” эрсдэлтэй гэж онцолсон байна.
Windows 10 хэрэглээ өндөр хэвээр байна
Consumer Reports-ийн мэдээлснээр, 2025 оны наймдугаар сарын байдлаар дэлхий даяарх хэрэглэгчдийн 46.2 хувь нь Windows 10 ашиглаж байгаа аж. Үүнээс гадна ойролцоогоор 200–400 сая компьютер TPM 2.0 модульгүй тул Windows 11 рүү шинэчлэх боломжгүй байгаа нь илүү том эрсдэл дагуулж байна.
Шүүмжлэл дагуулсан бодлого
Баримт бичигт Microsoft-ыг хэрэглэгчдийг Windows 11 рүү шилжихийг шахаж байгаа ч хуучин хувилбаруудыг хамгаалалтгүй орхиж буйг “хоёр нүүртэй” хэмээн тодорхойлжээ. Төлбөртэй дэмжлэгийн систем буюу жилд 30 ам.долларын төлбөртэй сунгалт, мөн хэрэглэгчдийг Microsoft-ын экосистемд холбох хязгаарлагдмал үнэгүй хувилбарууд олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна.
“400 сая компьютер хаягдал болж мэднэ”
Consumer Reports нь олон нийтэд чиглэсэн байр суурь илэрхийлж, Windows 10-ийг хэрэглэгчид шинэ системд шилжиж дуустал дэмжих нь зайлшгүй шаардлагатайг дахин онцоллоо. Мөн Нийтийн ашиг сонирхлын судалгааны групп (PIRG) уг шаардлагад нэгдэж, хэрэв Microsoft одоогийн шийдвэрээ өөрчлөхгүй бол “бүрэн ажиллагаатай 400 сая хүртэлх компьютер хогийн саванд хаягдаж болзошгүй” хэмээн анхааруулсан байна.