ChatGPT, Gemini-тэй төстэй ч “бүрэн нууцлал”-ыг гол амлалтаа болгожээ
Signal-ийн үүсгэн байгуулагч Мокси Марлинспайк хэрэглэгчийн нууцлалыг дээд түвшинд хангах зорилготой гэж тодорхойлсон “Confer” нэртэй шинэ чатбот үйлчилгээг танилцууллаа. Тэрээр үүнийг ChatGPT, Gemini зэрэг түгээмэл чатботуудын “хувийн хувилбар” гэж тайлбарласан бөгөөд гол давуу тал нь бүрэн нууцлал гэж мэдэгдсэн байна. Үйлчилгээний бүх мессеж төгсгөлөөс төгсгөл хүртэлх шифрлэлтээр хамгаалагдах тул хөгжүүлэгчид хүртэл чатын агуулгад хандах боломжгүй гэж онцолсон. Мөн хэрэглэгчийн өгөгдлийг загвар сургахад ашиглахгүй, гуравдагч этгээдэд дамжуулахгүй гэдгээ давхар тэмдэглэжээ.
Ямар хэлний загвар ажиллаж байгааг нууцалсан ч “шинээр бүтээсэн” гэж мэдэгдэв
Confer ямар хэлний загвар дээр ажиллаж байгааг тодорхой зарлаагүй байна. Интерфэйсийн хувьд ChatGPT-тэй төстэй харагдах боловч бот нь эхнээсээ хөгжүүлэгдсэн бөгөөд олон нийтэд танигдсан том хэлний загваруудын аль нэгэнд суурилаагүй гэж мэдэгджээ.
Үнэгүй хэрэглээ нь хатуу, төлбөртэй нь өргөн боломж нээнэ гэж тайлбарлав
Энэхүү үйлчилгээ нэлээд хатуу хэрэглээний хязгаартайгаар танилцуулагдсан байна. Үнэгүй хувилбарт өдөрт 20 мессеж илгээх, тав хүртэл чат ашиглах боломжтой бөгөөд хиймэл оюун ухааны үндсэн загварт хандах нөхцөлтэй гэжээ. Харин сард 35 ам.долларын төлбөртэй захиалгаар мессеж, чат ашиглалтыг хязгааргүй болгохоос гадна илүү дэвшилтэт загварууд руу хандах, хувийн тохиргоо хийх боломж нээгдэнэ гэж мэдээлсэн байна.
Зарласан аюулгүй байдлыг шалгах механизм, нээлттэй стекээ онцлов
Аюулгүй байдлын түвшинд эргэлзэх хэрэглэгчдэд зориулж Confer нь үйлчилгээний сервер дээр яг ямар код ажиллаж байгааг шалгах боломж олгох “алсын зайн баталгаажуулалтын” механизмыг санал болгодог гэжээ. Хөгжүүлэгчид платформын програм хангамжийн стек бүрэн нээлттэй гэж тайлбарласан нь ил тод байдал, найдвартай байдалд нэмэлт баталгаа болох ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн байна.