Аймшгийн алдарт Silent Hill цувралын шинэ бүлэг болох Silent Hill f энэ оны 9-р сарын 25-нд PlayStation 5, Xbox Series X/S болон PC дээр гарна гэдгийг Sony компанийн State of Play арга хэмжээний үеэр зарлалаа. Тус тоглоом нь уг цувралын хувьд анх удаа Япон улсыг үйл явдлын гол орчин болгон сонгож буйгаараа онцлог бөгөөд шинэ трейлер нь тоглоомын үйл явдал, уур амьсгалыг танилцуулсан айдас төрүүлэм дүрслэлээр дүүрэн байв.
Silent Hill f-ийн үйл явдал 1960-аад оны Японд өрнөх бөгөөд тоглогчид манантай жижиг хот болох Эбисугаока-д амьдардаг ахлах ангийн сурагч Шимизү Хинако-гийн дүрд хувирна. Түүний амьдралд нууцлаг, сэтгэл түгшээм зүйлс тохиолдож, тоглогчдыг айдас, таавар, тулалдаан бүхий туршлагад хөтөлнө.
Тоглоомын явц нь сонгодог Silent Hill хэв маягийг хадгалсан ч, энэ удаад опудалтай холбоотой нууцуудыг тайлах таавар болон манекен төстэй аймшигт мангасуудын эсрэг тулаан давамгайлна. PlayStation блог дээр продюсер Мотои Окамото бичихдээ: “Энэ удаагийн тулааны систем илүү ойрын тулалдаанд төвлөрсөн, экшн элемент давамгайлсан байхаар бүтээгдсэн. Өнгөрсөн жилийн Silent Hill 2-оос үүнийг ялгаж харж болно” хэмээжээ.
Silent Hill f нь цувралын дотоод ертөнцийг тэлж, Япон соёлын өвөрмөц элементүүдийг аймшигт уур амьсгалтай хослуулан тоглогчдод шинэ, сэтгэлзүйн хүчтэй туршлага санал болгоно. Үзэсгэлэнт ч аймшигтай дүрслэл, нууцлаг түүх, сэтгэлзүйн гүн гүнзгий мэдрэмж бүхий Silent Hill f нь 2025 оны хамгийн хүлээлттэй аймшгийн тоглоомуудын нэг болоход эргэлзээгүй.