SkyDrive Токиод “нисдэг машин”-аа анх удаа туршиж, 2028 он хүртэл үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байна

нийтлэгч Содном Энхбаяр
SkyDrive Токиод “нисдэг машин”-аа анх удаа туршиж, 2028 он хүртэл үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байна

Японы “SkyDrive” гарааны компани “нисдэг автомашин”-ы анхны туршилтын нислэгээ Токио хотод мягмар гарагт хийсэн байна. Тус компани уг үйлчилгээг Японы зарим бүс нутагт 2028 он гэхэд нэвтрүүлэх зорилттой гэж мэдээллээ.

“Mitsubishi Estate”, “Kanematsu” корпорацуудтай хамтран зохион байгуулсан туршилтын үеэр зайнаас удирддаг, жолоочгүй нисэх төхөөрөмж Токиогийн булан дээгүүр 3 минут 30 секундын турш нисэж, ойролцоогоор 150 метрийн зайг туулсан байна.

Туршилтад ашигласан “SD-05” загвар нь цахилгаан хөдөлгүүртэй, 12 сэнстэй бөгөөд гурван хүний суудалтай гэж мэдээлэв. Нэг удаагийн цэнэглэлтээр 15–40 км зай туулах боломжтой аж. Хөгжүүлэгчдийн онцолсноор төхөөрөмж нь авсаархан, хөнгөн хийцтэй тул уламжлалт нисдэг тэрэг шиг том талбай шаардахгүйгээр олон өөр байршилд газардах боломжтой гэжээ.

Мөн “SkyDrive” нисдэг автомашины нислэгийн хяналтын төв, зорчигч бүртгэх терминалын шийдлээ танилцуулсан байна. Тухайн терминал нь нүүр царай таних технологид суурилсан автомат бүртгэлийн системтэй гэж мэдээлжээ. Үзүүлэх нислэг болон терминалын ажиллагааг танилцуулах ажил ирэх бямба гараг хүртэл үргэлжилнэ гэжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар нисдэг автомашины үйлчилгээ нэвтэрснээр замын түгжрэл, нийтийн тээврийн ачааллыг бууруулахад тодорхой хэмжээнд нөлөөлөх боломжтой байна. “SkyDrive” компани өнгөрсөн онд Осака хотод болсон Дэлхийн үзэсгэлэн (World Expo)-гийн үеэр мөн үзүүлэх нислэг хийж байсан гэж мэдээлэв.

“SkyDrive” компанийн гүйцэтгэх захирал Томохиро Фүкүзава 2030 оноос хойш нисдэг автомашины үйлчилгээний үнэ таксины үнээс ойролцоогоор хоёр дахин бага, магадгүй түүнээс ч хямд болох боломжтой гэж ярьжээ. Тэрээр:

“Нисдэг автомашин нь таксинаас 4–5 дахин хурдан тул цаг хугацаа хэмнэх давуу талтайг нь бодвол иргэд энэ үнийг боломжийн гэж үзнэ. Тиймээс энэхүү үйлчилгээ богино хугацаанд зах зээлд нэвтэрнэ гэдэгт итгэлтэй байна”
гэж мэдэгдсэн байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.