XDA хэвлэлийн сэтгүүлчид орчин үеийн ухаалаг утасны USB-C портын “далд” боломжуудыг танилцуулжээ. Тэдний онцолсноор USB-C нь дан ганц хурдан цэнэглэх зориулалттай биш, өгөгдөл дамжуулах, дүрс гаргах, дуу дамжуулах, мөн олон төрлийн дагалдах төхөөрөмж холбох боломжтой олон үйлдэлт порт юм.
Хамгийн түрүүнд USB-C-ээр гадаад SSD хадгалах төхөөрөмж холбох боломжийг дурдсан байна. Ингэснээр утсан дээрх файлуудаа шууд SSD руу нөөцлөхөөс гадна, зураг авалтын үед видео бичлэгээ шууд гадаад хадгалалт дээр бичих боломжтой гэжээ. Энэ нь дотоод санах ойг дүүргэлгүйгээр урт хугацааны бичлэг хийх, том хэмжээтэй файлтай ажиллах үед илүү тохиромжтой гэж тайлбарласан байна.
Мөн утсаа монитор эсвэл телевизорт холбож дэлгэц гарган, жижиг төхөөрөмжөө “компьютер шиг” ашиглах хувилбарыг онцолжээ. Тодруулбал, тохирох дэмжлэгтэй тохиолдолд том дэлгэц дээр контент үзэхээс гадна зарим горим, орчинд ажлын хэрэгцээнд ойр хэлбэрээр ашиглах боломж нээгддэг гэж үзсэн байна.
Үүнээс гадна USB-C-тэй олон төрлийн аксессуар нийцдэгийг дурдсан. Жишээ нь хөгжим сонсоход зориулсан гадаад дижитал-аналог хувиргагч (DAC), микрофон, тоглоомын удирдлага (контроллер) зэрэг олон төхөөрөмжийг шууд холбоход болно гэж XDA тайлбарлажээ.