Солана блокчейний үүсгэн байгуулагчдын нэг Анатолий Яковенко хэд хэдэн блокчейн сүлжээний өгөгдлийг нэгтгэх “метаблокчейн” гэх шинэ концепцийг санал болгожээ. Түүний үзэж буйгаар, Ethereum, Celestia, Solana зэрэг сүлжээнүүдийг нэг гүйлгээний дараалалд оруулах замаар мэдээллийн хүртээмжийг хамгийн хямд, үр дүнтэй хэлбэрээр хангах боломжтой аж.
“Бидэнд метаблокчейн хэрэгтэй. Өгөгдлийг хаана ч нийтлээд, тодорхой дүрмийн дагуу бүх сүлжээнээс ирсэн мэдээллийг нэг дараалалд оруулах ёстой. Энэ нь тухайн үед хамгийн хямд дата хүртээмжийн (DA) саналыг ашиглах боломжийг олгоно” гэж Яковенко “X” сүлжээндээ бичжээ.
Яаж ажиллах вэ?
Яковенкогийн тайлбарласнаар мета гүйлгээг Солана экосистем дээр байршуулж болох бөгөөд энэ нь Ethereum болон Celestia-ийн хамгийн сүүлийн блокуудын толгойг багтаасан байна. Ийм байдлаар, бүх гүйлгээ өмнөх үйл явдлуудтай уялдаа холбоотой болж, тууштай байдал (consistency)-ыг хангана.
Мөн хэрэглэгчийн зүгээс боловсруулалтын хурд болон өртгийн хооронд сонголт хийх боломжийг олгох бөгөөд холимог (hybrid) шийдлүүд ч боломжтой гэж Яковенко тайлбарласан.
Дэмжигчид ба шүүмжлэл
EigenLayer-ийн хөгжүүлэгч Надер Дабит энэ санааг сайшааж, ижил төстэй санааг EigenDA болон Celestia дээр хэрэгжүүлэх оролдлогуудыг аль хэдийн харсан гэдгээ дурдсан. Харин Соланаг өөрөө дата давхарга (DA layer) болгон ашиглах талаар Яковенко дараах байр суурийг илэрхийлжээ:
“Өгөгдлийн хүртээмж хямд байх ёстой — энэ нь бусад бүх бүрэлдэхүүн хэсгүүдийг ч хямд болгоход тусална. Гол саад нь дамжуулах өргөн (bandwidth) юм.”
Харин Celestia-ийн үүсгэн байгуулагч Ник Вайатт метаблокчейний нарийн төвөгтэй байдалд болгоомжтой хандаж, практик талаас нь шүүмжилсэн. Түүний хэлснээр, DA multiplexers буюу олон давхаргатай дата хүртээмжийн шийдлүүд нь системийг хэт төвөгтэй, үр ашиг багатай болгодог аж.
“Rollup бүр DA давхарга бүрт зангилаа ажиллуулах шаардлагатай. Сонголтын дүрэм хэт төвөгтэй болж, үүний үр дүнд мэдэгдэхүйц ашиггүйгээр зардал нэмэгддэг” хэмээн Вайатт тайлбарлав.
Цаашдын чиг хандлага
Яковенко энэ санаагаараа дамжуулах чадвар өндөр, хямд, олон сүлжээний өгөгдлийг нэгтгэх шийдэл гаргах зорилготой байгаа бөгөөд энэ нь блокчейн технологийн интероперабилити ба дата хүртээмжийн цоо шинэ түвшнийг эхлүүлж мэдэх юм. Гэсэн хэдий ч үүний хэрэгжилтэд техникийн болон зохион байгуулалтын олон сорилт тулгарч болзошгүй байна.